Шууд Chart

Тэнгэрийн оронд байгаа аавд бяцхан охиноос хаяглав

2022-08-21 20:16:14

Бяцхан охины ил захидал

Аав нь тэнгэрт халиад 6 сар болсны дараа Юки охин сургуульд явах болжээ. Амьдралын хатуу хүтүүг ээжтэйгээ хоёулахнаа арай ядан даван байгаа Юки охинд сургуульд барих цүнх байтугай үзэг, харандаа авах мөнгө ч байсангүй.

Айлын хүүхдүүд хичээлийн эхний өдрөөс эхлэн ээж, аавтайгаа хөтлөлцөн гоёмсог улаан, ягаан өнгийн рансел /ransel/ цүнх үүрэн инээд хөөртэйгээр алхацгаахад Юки охинд ийм боломж үнэхээр байсангүй.

Сургуулиас олгосон дэвтэр номоо цагаан торон уутанд хийн алхах бяцхан охин.

"Тэрээр улаан өнгийн цүнх авъя ... " хэмээн ээждээ нэг ч удаа хэлсэнгүй. Охин ээжийгээ ойлгож байгаа учраас хэлээгүй аж.

Юки охины гэрээс сургууль орох замд хичээлийн хэрэглэл зардаг жижигхэн мухлаг байдаг бөгөөд энэ дэлгүүрийн гадаа байнга улаан, ягаан гоёмсог өнгийн рансел цүнхнүүд өлгөсөн байдаг аж. Охин сургуульдаа явах болгондоо энэ дэлгүүрийн үүдэнд зогсон тэдгээр цүнхнүүдийг ширтэн удаан харж зогсоно.

Аав минь байсан бол надад авч өгөх байсан даа.. хэмээн дахин дахин бодно. Сургуульд орсноос хойш 3 сарын дараа охин аавдаа ил захидал бичихээр шийджээ.

... "Тэнгэрийн оронд байгаа миний аавд "гэж хаяглаад:

.... Аав аа би энэ жил бага сургуулийн нэгдүгээр ангид орсон. Үсгээ цээжлэн, хичээлээ байнга хийж, хичээж байгаа. Би ингэж хичээвэл ээж маань бас та баярлана шүү дээ.

Танаас гуйх хүсэлт байна аав аа....  Надад та сургуулийн улаан өнгийн рансел цүнх авч өгч явуулаач. Би улам бүр хичээлээ сайн хийж сайн хүн болно оо ааваа... гуйж байна...... хэмээн өөрийн хүслээ бичиж шуудангийн улаан өнгийн хайрцганд хийжээ.

Энэ өдрийн шууданч 11 цагийн шуудангаа хураан авч нягталж үзэхэд дөнгөж сурч байгаа болов уу гэмээр хирагана үсгээр хичээнгүйлэн бичсэн, урьд хожид үзэж байгаагүй "Тэнгэрийн орон"-д хаягласан бяцхан охины ил захидал гарч ирлээ.

"Энийг хараач .." хэмээн дуу алдсан шууданч эр ил захидлыг хамт ажилладаг хүмүүсдээ үзүүлэхэд бүгдээрээ охиныг өрөвдөн хайрлаж бяцхан охинд мөнгө цуглуулан цүнх авч өгөхөөр болжээ. Үүнээс хойш 7 өдөр өнгөрчээ.

Энэ өдөр Юки охин урьдын адил эртлэн босч цагаан өнгийн торон уутандаа хичээл номоо хийгээд гарах гэтэл үүдний хонх дуугарчээ.

..... Хэн бэ ?

.... Танайд шуудан ирлээ.

Охин хаалгаа онгойлгоход шууданч нэгэн ууттай зүйлийг гардуулан өглөө.

Охин гайхан уутыг задлахад нүдэндээ итгэмээргүй гоёмсон улаан өнгийн рансел цүнх бас "Тэнгэрийн орноос Юки охинд" хэмээн хаягласан ил захидал гарч иржээ.


....... Юки .. Захидал бичсэнд баярлалаа. Аав нь баяртай байна. Охиныхоо хичээж байгааг аав нь тэнгэрийн орноос үргэлж харж байгаа. Одооноос эхлэн улам хичээж, сайн хүн болоорой. Ээждээ тус дэм болоорой.

Аав нь тэнгэрийн орноос охиныгоо үргэлж дэмжиж харж байх болно.

Уучлаарай миний охин. Оройтож цүнх явуулсанд бас дахин уучлаарай. .... Ааваас нь.

Ээж нь охиноо тэврэн мэгшин уйллаа. Энэ өдөр ийнхүү Юки охины хүсэл биелжээ. Амьдрал хатуу мөртлөө бас зөөлөн ч юм шиг...

Гялалзсан улаан цүнхээ үүрэн, хөл нь газар хүрэхгүй шахам хурдлан гүйж яваа Юки охины нүдэнд нь нулимс цийлэгнэсэн байлаа.

Юки охин сургуулиудаа амжилттай дүүргэж өдгөө их сургуулийн профессороор ажиллаж байгаа ажээ. Амьдрал гэдэг сэтгэлээр тэжээгдэж, итгэлээр жигүүрлэгдэж байдаг ажээ. Энэ бол амьдралын жижигхэн мөртлөө их юм үгүйлсэн түүх.

Бас амьдралын -дусал өнгө.

Орчуулсан Н.Базарсүрэн


Тэнгэрийн оронд байгаа аавд бяцхан охиноос хаяглав  
Үзсэн: 657 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй