Шууд Chart

“Эрдэнэсийн арал” Тугду

2022-09-05 14:11:10

Тугду арал дээрээс та бүхэнд мэдээлэл бэлтгэн хүргэж байна.

Тугду бол Солонгос улсын хамгийн зүүн талд байрлах өглөөний нарыг хамгийн эхэнд үздэг арал бөгөөд одоогоос 4.6 сая – 2.5 сая жилийн өмнө 2000 метрийн гүн дэх галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсч бий болсон Солонгос улсын хамгийн анхны арал юм. Анх нэг том арал байсан боловч салхи шуурга, далайн хүчтэй давлагааны улмаас уг арал нь баруун болон зүүн гэсэн хоёр жижиг арал болон хуваагдсан байна. Тугду арал дээр 50 орчим иргэн ажиллаж амьдардаг ба уг арал нь цаг агаарын хувьд салхи ихтэй, байнга манан татдаг боловч зундаа хэт халуун биш, өвөлдөө хэт хүйтэн биш учир энэхүү арлыг үзэх гэж жилд зуу гаруй мянган дотоод, гадаадын жуулчид аялах зөвшөөрөл аван очдог байна.

Тугду арлыг Солонгосчууд “Эрдэнэсийн арал” гэж ярьдаг бөгөөд юу энэ арлыг ийнхүү алдартай болгодог гэхээр Тугду арал газар нутгийн хэмжээний хувьд жижиг арал боловч газрын гүндээ асар их байгалийн баялагтай байна. Тугду арлыг тойрон орших далайн гүнд метангидрат гэх нэгдмэл элемент байдаг ба энэ нь далайн гүнд хөлдсөн метан буюу хөлдсөн хатуу түлш юм. 

Нэг ёсондоо бол далай доторх бичил биетүүдийн ялзарсан давхаргад метан хий болон байгалийн хийнүүд өндөр даралтын доор устай хамт хөлдөн энэхүү хатуу түлшийг үүсгэдэг гэж ойлгож болох юм. Одоогийн байдлаар уг арлын ойролцоо 600 сая тонн метангидрат байгаа гэх тооцоо байдаг ба энэхүү элемент нь нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал багатай ирээдүйн энергийн эх үүсвэр гэдгээрээ Тугду арал нь байгалийн асар их баялагтай гэж үзэж болох юм.

Тугду арал нь салхи ихтэй, хөрс нь нимгэн хад хавцлаас бүрдсэн учир ургамал ургахад үржил шимгүй орчинтой. Тийм боловч Тугду арал дээр 50-60 төрлийн ургамал ургадаг гэдгээрээ энэхүү арал нь онцлог хөрстэй гэж үзэж болох юм.

Түүнчлэн Тугду арал нь далайн төв хэсэгт байрладаг тул нүүдлийн шувуудын амрах газар болдог байна. Энгийн шувуудаас гадна мөхлийн эрмэгт байгаа ховор шувуудыг Тугду арал дээрээс харж болох бөгөөд хараацай, хар шувуу зэрэг 180 төрлийн шувууд Тугду арал дээр цуглардаг.

Нэмж дурдахад Тугду арлын ойролцоох далайд загасны шим тэжээлийн эх үүсвэр болох планктон их байх бөгөөд далайн бүлээн урсгал болон хүйтэн усны урсгал нийлдэг газар тул олон төрөл зүйлийн загас, нялцгай биет, далайн ургамал элбэг байдаг байна. Энэ мэт газар нутгийн хэмжээний хувьд жижиг боловч өөртөө байхааргүй их хэмжээний байгалийн баялагтай Тугду арлыг танилцуулахаар бэлтгэсэн мэдээг энд хүргээд жаргаая.

Бадамдорж Лхадарь


“Эрдэнэсийн арал” Тугду  
Үзсэн: 880 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй