Шууд Chart

Танд хоёрдогч ижил байх аваас...

2022-09-20 09:22:18

Дэлхий ертөнцөд өдгөөг хүртэл тайлагдаагүй нууцууд байсаар л байна. Тэдгээрийн нэгийг энд өгүүлсү. Харин уншигч та үүнд итгэх эсэх нь өөрийн тань мэдэх хэрэг юм.

Одоогоос 10 жилийн өмнө Чехийн нийслэл Прага хотод болсон нэгэн золгүй явдлын тухай Европын ихэнх сонинууд дуу дуугаа авалцан бичиж байлаа. Нэгэн явган зорчигч 22 дугаарын автобусанд дайруулж нас барсан бөгөөд зорчигчийн хэн болохыг тогтоож чадаагүй байна. Харин гэм буруутан болох автобусны жолооч 47 настай Иржи Глоубека дайруулж нас барсан хүнтэй усны дусал мэт адилхан байсанд хэргийн оньсого оршиж байгаа юм. Задлан шинжилгээний дүнгээр тэр хоёрын биеийн бүтэц болон цусны бүлэг ижилхэн байжээ. Тэр явдлаас хойш жолооч нөгөө дайруулж үхсэн хүнийг хэн гэдэг, хаанаас ирсэн болохыг олж мэдэхийн тулд ар гэр, төрөл садангуудыг нь олж уулзах ганц л зорилготой болжээ.

Хамгийн гол нь тэд яагаад ийм адилхан юм бэ гэсэн асуулт түүнийг зовоож байлаа. Гэтэл өнөөх нас барсан хүн тэнгэрээс унаад ирсэн мэт хэн ч түүний араас хайж, лавлаж, тэр байтугай элчингийн газраас хүртэл сураглаагүй гэнэ. Ямартай ч тэр хүн лав сүнс байгаагүй, бусад энгийн хүмүүсийн адил махан бие, цустай байжээ. Чехийн хуулийн дагуу цогцсыг хэн нэгэн асууж сураглахыг хүлээн хагас жил хадгалсны эцэст нутаглуулсан байна. Оршуулган дээр ганц хүн ирсэн нь автобусны жолооч байв. Өөртэй нь хачин адилхан өнөөх үхсэн хүний тухай бодол нь зовоосоор зүрх нь дийлэлгүй золгүй явдлаас хойш яг нэг жилийн дараа автобусны жолооч нас баржээ.

Бас нэгэн тохиолдол Францад болсон гэнэ. Францад энэ зууны эхээр галт тэрэгний томоохон осол болсон байна. Эмнэлэгт хүргэгдсэн нэгэн хохирогчид нөгөө вагонд явж байсан түүний ихэр амь үрэгдсэн тухай мэдэгджээ. Зорчигч өөрийгөө ихэр биш гэж тайлбарлахыг оролдсон боловч түүнийг моргод очиж цогцсыг таниулахыг ятгаж чаджээ.

Мэдээж өөрийгөө үхсэн хэвтэж байхыг харсан хүнд ямар олиг байхав дээ. Гэхдээ тэр хүн одоог хүртэл амьд мэнд ажлаа хийгээд явж байгаа гэнэ. Олон жилийн судалгаанаас үзэхэд хүн нь өөрийгөө гэрчлэх бичиг баримттай байдаг байхад, харин ижил хүний талаарх ямар нэгэн гарал үүслийн тухай мэдээлэл олддоггүй. Хүн ижилтэйгээ тааралдах үедээ анхааралтай байваас энэ сонин тохиолдлын нууцыг хурдан тайлж чадах юм. Хэрэв хэн нэгэн өөрийн ижил хүнтэйгээ тааралдах юм бол амьдралд тань заавал ч үгүй томоохон өөрчлөлт гарна гэдгийг битгий мартаарай. Харин сайн, муу аль тал руугаа вэ гэдгийг хэн ч мэдэхгүй хэмээн тухайн үед хэвлэлүүдэд бичиж байв.


Танд хоёрдогч ижил байх аваас...  
Үзсэн: 426 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй