Шууд Chart

Наадмын хурдан морины бүртгэл 9-нд эхэлнэ

2014-07-03 13:27:09

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жилийн ой, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хорооноос Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж буй талаар мэдээлэл хийлээ. 

Хурдан морины бүртгэл долоодугаар сарын 9-нд эхлэх бөгөөд уяачид хурдан морь унах хүүхдийн тухайд хуулийн дагуу 7-16 насны хүүхдээр унуулах ба ингэхдээ даатгал, гэрээ, хамгаалах хэрэгслээр бүрэн хангах ёстой аж. Бүртгэлийн явцад хүүхдийн төрсний гэрчилгээ болон бусад баримт бичгийг тулгах юм.

Энэ жилийн хурдан морины уралдаан уламжлалт хэлбэрээрээ буюу 10-нд хязаалан, шүдлэн, 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-нд эрлийз морьдын уралдаан болохоос гадна долоодугаар сарын 13-нд уламжлал ёсоор уяачдын наадам, холч болон жороо морьдын уралдаан болно.

Хурдан морины сэрвээний өндрийг хэмжин, үйлдвэрлэг байдлыг харгалзан үзнэ. Тодруулбал, сэрвээний өндөр
-Азарга, соёолон 140 см,
-Их нас 141 см,
-Хязаалан 137 см,
-Шүдлэн 132 см,
-Даага 127 см дээш байвал тухайн насанд уралдуулахгүй.

Сэрвээний өндрийг тусгай лазер төхөөрөмжөөр хэмжин наадамчин олонд дэлгэцээр дамжуулан үзүүлэх бөгөөд хурдан морины гарааны уртыг сунгасан тул гараанаас морьд олон давхарлаж гардаг явдал гарахгүй хэмээн Хурдан морины салбар хорооноос мэдэгдэв.

Баяр наадмын үеэр наадамчин олныг уйдаахгүй байх үүднээс “Морьтны тоглолт”, “Шүхрийн буулт” үзүүлбэрүүд үзүүлэх аж. Наадамчин олонд зориулан өмнөх жилүүдээс 5000 авто зогсоол илүү байхаар зохион байгуулсан ба 3000 гаруй сандал суурилуулжээ. Мөн хурдан морь болон хүүхдэд зориулан GPS суулгах асуудал энэ жилийн хувьд тодорхой шийдэлд хүрч чадаагүй болохыг тэд мэдээллээ.


Наадмын хурдан морины бүртгэл 9-нд эхэлнэ  
Үзсэн: 1814 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй