Шууд Chart

Хошёорюү С.Бямбасүрэн найман даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна

2022-11-22 10:44:23

Мэргэжлийн сумо бөхийн энэ сарын тэмцээн Фүкүока хотод үргэлжилж байгаа бөгөөд өчигдрийн байдлаар Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Саданоүми /М-4/-тэй учраа таарч түүнийг уватэнаге мэхээр хаяж, найман даваа, нэг унаатай болов.

Ес дэх өдрөө үргэлжилж буй тус тэмцээнд Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил, Ура /М-3/-г гассхохинери мэхээр давж хоёр даваа, долоон унаатай башёг үргэлжүүлж байгаа бол Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэн, Котоновака /М-1/-тай таарч барилдан, түүнийг уватэнаге мэхээр давж зургаан даваа, гурван унаатай боллоо.

Энэ өдөр Ичиножёо А.Ичинноров /М-2/, Хокүтофүжи /М-5/-тай барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж хоёр даваа, долоо унаатай байгаа бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-10/, Мёогирюү /М-7/-тэй таарч барилдан, түүнд ёритаоши мэхээр унаснаар зургаан унаа, гурван даваатай башёг үргэлжлүүлж байна.

Мөн энэ өдөр Азүмарюү С.Тодбилэг /М-14/, Такарафүжи /М-8/-тэй хүч үзэж, ёрикири мэхээр давснаар таван даваа, дөрвөн унаатай болов.

Озэки Шодай, Комүсүби Дайэйшо-той барилдаж, түүнд ошидаши мэхээр унаж, дөрвөн даваа, таван унаатай болоод байна.

Озэки Такакэйшёо, Комүсүби Тобизарюү-д ошидаши мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай байгаа бол Сэкивакэ Митакэүми, Вакамотохару /М-4/-д ёрикири мэхээр унаж дөрвөн даваа, таван унаатай башёг үргэлжлүүлж байна.

Харин Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэнгийн хамт башёг тэргүүлж явсан Такаяасү /М-1/ энэ өдөр Мэйсей /М-2/-тэй учраа таарч барилдан, түүнд ёрикири мэхээр ойчиж, хоёр унаатай боллоо. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хошёорюү С.Бямбасүрэн найман даваа, нэг унаатайгаар башёг тэргүүлж байна   
Үзсэн: 679 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй