
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2022 оны арван нэгдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
УИХ-аас 2019 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомж санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг Хууль тогтоомжийн тухай хуулиар нарийвчлан зохицуулах нь оновчтой гэж үзэж, холбогдох өөрчлөлтийг оруулахаар зарчмын шинжтэй хэд хэдэн өөрчлөлтийг тусган төслийг боловсруулжээ. Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд тусгайлан заасан, эсхүл эрүү, иргэн, захиргаа, зөрчил, гамшгаас хамгаалах, газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, төсөв, татвар, нийгмийн даатгал, нийгмийн халамж, боловсролын салбарын харилцааг зохицуулсан анхдагч болон шинэчлэн найруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, хүчингүй болсонд тооцох тухай хуулийг Засгийн газар, харин Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар, эдгээрээс бусад асуудлаар УИХ-ын гишүүд хууль санаачлахаар төсөлд тусгажээ. Түүнчлэн хууль санаачлагч УИХ-ын тогтоолыг санаачилж болох зохицуулалтыг төсөлд тусгасан болохыг Х.Нямбаатар сайд төсөл санаачлагчийн илтгэлдээ дурдсан. Тухайлбал, Засгийн газар санаачлан боловсруулахаар Үндсэн хууль, бусад хуульд тусгайлан заасан асуудлаарх УИХ-ын тогтоолыг Засгийн газар санаачлахаар, УИХ-ын тогтоолын төслийг дагаж хууль санаачлахгүй байх өөрчлөлтийг тусгасан байна. Хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Засгийн газраас санаачлах хуулийн төслийг тусган төлөвлөдөг бөгөөд Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээс санаачлах хууль тогтоомжийн төсөлд хамаардаггүй тул тус үндсэн чиглэлийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох өөрчлөлтийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн нь Үндсэн хуульд заасан бүрэн эрх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарт багтаан хууль санаачлах эрхтэй гэж үзсэн хэмээн тайлбарласан.
Олон улсын туршлагаас судлан үзээд хуулийн төслийн танилцуулгыг товч болон дэлгэрэнгүй хийхээр тусгаж, дэлгэрэнгүй танилцуулгад хуулийн төсөл болон дагаж гарах хуулийн төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, хуулийн төсөлд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахууны үүсэл, хуулийн төслөөр зохицуулж байгаа харилцаа, түүний зохицуулалтыг хэрхэн ойлгох талаарх мэдээллийг оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Ингэснээр хууль санаачлагч ямар агуулгаар холбогдох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан талаар хууль хэрэглэх явцад ойлгомжгүй нөхцөл байдал үүсвэл танилцуулгад дурдсан тайлбарыг эх сурвалж болгон ашиглаж болох юм байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан агуулга ижил боловч өөр бичилттэй, тухайн нэр томьёог дагаж өөрчлөх, шаардлагатай тохиолдолд холбогдох бүх хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болох аж. Тухайлбал, УИХ-ын 2022 оны зургадугаар сарын 17-ны өдөр баталсан Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгатай холбогдуулан “тусгай зөвшөөрөл” гэсэн нэр томьёог “зөвшөөрөл” гэсэн агуулгаар өөрчлөхтэй холбоотойгоор 70 гаруй хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Иймд хууль тогтвортой байх үүднээс хуулийн төсөлтэй холбогдуулан бусад хуульд заасан нэр томьёог ижил утгаар ойлгож хэрэгжүүлэх, хэрэглэх тайлбарыг хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалтад тусгах нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ.
Одоогийн хууль тогтоомжоор УИХ-аас баталсан хуулиудын албан бус орчуулгыг хийх талаар эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүй бөгөөд хуулийн төсөлд эрх зүй, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн албан бус орчуулгын сан бүрдүүлж, хувийг эрх зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд байршуулах юм байна. Түүнчлэн хууль санаачлагч худалдаа, хөрөнгө оруулалтын чиглэлээр боловсруулсан хууль тогтоомжийн төсөл болон энэ хуульд заасны дагуу судалсан судалгааны тайланг 60 хоногоос доошгүй хугацаанд эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршуулж, санал авах юм байна. Ингэснээр судалгаа шинжилгээний болон эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой гэж үзжээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөс өмнө УИХ-ын баталсан хуулиудын англи хэлний албан бус орчуулгыг холбогдох байгууллагууд уг хуулийг дагаж мөрдөж эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд хариуцан гүйцэтгүүлэх зохицуулалтыг мөн хуульчлах юм байна.
Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан УИХ-аас батлах шаардлагатай хөгжлийн бодлогын баримт бичигт Хууль тогтоомжийн тухай хуульд заасан үнэлгээ, судалгааг хийхгүй байх өөрчлөлтийг тусгажээ. Мөн хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийх аргачлалын давхардлыг арилгах, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрх зүйн үндсийг хуульчлах өөрчлөлтүүдийг тусгасан болохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд танилцуулсан юм.
Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр асуулт асууж, хариулт авав. Тэрбээр, төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд аливаа нэг хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын аль нэг бүтэц нь Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой саналыг тусгаад, түүнийгээ батлуулахтай холбоотой асуудлыг хэрхэн зохицуулсныг тодруулсан. Төсөлд Хууль тогтоомжийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Энэ хуулийн 12.2.8-д (Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай) заасан хуулийн төслийн үзэл баримтлалыг Монгол Улсын Ерөнхий сайд тодорхойлж, батлах бөгөөд хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” хэмээн заасан 15.11 дэх хэсгийг нэмэхээр тусгаж байгаа аж. Төслийн эл зохицуулалт хэвээр батлагдсан тохиолдолд УИХ-ын гишүүд хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбоотой санал гаргах боломжгүй болно гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Түүнчлэн энэ төслийн хэлэлцүүлгийн хүрээнд дээрх асуудал болон хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн явцад гарч буй хууль хоорондын хийдэл, зөрчлийг шийдвэрлэх үүднээс Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зохицуулалтуудыг нухацтай хэлэлцэх шаардлага бий гэдэг саналыг Х.Нямбаатар сайд хэлж байлаа.
Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас ийнхүү тодруулга хийсэн бөгөөд төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсан тул санал хураалт явууллаа. Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж буйгаа хуралдаанд оролцсон 10 гишүүний 80 хувь нь илэрхийлсэн. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд илтгэхээр тогтов.
ХЗБХ: Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.