
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский дэмжлэгээ үргэлжлүүлж, Оросын эсрэг хоригоо чангаруулахыг АНУ-аас хүслээ. Харин Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Киевт хэдийд ч туслахад бэлэн гэж мэдэгджээ.
Вашингтонд айлчилсан Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский лхагва гарагт Америкийн конгрессийн нэгдсэн хуралдаанд үг хэлж, тус улсын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсан байна.
Нэгдсэн улсын Ерөнхийлөгч Жо Байден Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский нар ганцаарчилж уулзсаныхаа дараа хэвлэлийн хурал хийжээ.
Энэ үеэр Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг удахгүй Украйны эсрэг дайндаа ялалт байгуулж чадахгүй гэдгээ ухаарна гээд тэр үед Володимир Зеленский энэ хямрал мөргөлдөөнийг хэрхэн төгсгөхийг шийднэ хэмээжээ.
Тэрбээр Украинд дэмжлэгээ үргэлжлүүлэх шаардлагатай гээд Киевт хэдийд ч туслахад бэлэн гэж амласан байна.
Мөн Украинд 1.9 тэрбум орчим долларын зэвсгийн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ хүрээнд Америкийн хамгийн дэвшилтэт техникүүдийн 1 болох пуужингийн довтолгооноос хамгаалах систем Патриотоо илгээнэ гэж Жо Байден дурджээ.
Конгресст үг хэлэх үеэрээ Володимир Зеленский Нэгдсэн улсын дэмжлэг тусламжид талархаж байгаагаа хэлээд АНУ-аас тусламж дэмжлэгээ үргэлжлүүлж, Москвагийн эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалсан байна.
Ингэхдээ “Та бүхний бидэнд өгч байгаа мөнгө буяны үйл биш. Энэ бол бол дэлхийн аюулгүй байдал, ардчилалд оруулсан хөрөнгө оруулалт” хэмээснийг хэвлэлүүд онцолж байна.
Мөн ирэх оны нэгдүгээр сард одоогийн сөрөг хүчин Бүгд Найрамдах намын гишүүд төлөөлөгчдийн танхимд хяналтаа тогтоох гэж байгаад холбогдуулан “Конгресст ямар ч өөрчлөлт гарсан хоёр танхим, хоёр намын дэмжлэг хэвээр үргэлжилнэ гэж найдаж байгаагаа Володимир Зеленский хэлсэн байна.
Энэ айлчлалын тухай Украины Ерөнхийлөгчид ойр эх сурвалж “Володимр Зеленскийгийн АНУ-д хийсэн түүхэн айлчлал амжилттай болсон. Володимир Зеленский үр дүнд сэтгэл хангалуун байгаа” гэж "Си Эн Эн" агентлагт мэдээлжээ.
Энэ зуурт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчнийхээ тоог 30 хувиар нэмэх тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн төлөвлөгөөг дэмжсэн байна.
Мөн Владимир Путин Владимир Шойгутай уулзах үеэрээ Сармат тив хоорондын баллистик пуужингаа удахгүй ажиллагаанд оруулна гэж мэдэгджээ.
Володимир Зеленский АНУ-аас Оросын эсрэг хоригоо чангаруулахыг хүслээ | ||
Үзсэн: 380 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.