
Дэлхий хөлбөмбөгийн хаан хэмээх эрхэм хүндэтгэлийг зүй ёсоор хүлээсэн Бразилын домог тамирчин, довтлогч Пеле буюу Эдсон Арантис ду Насименту 82 насандаа таалал төгслөө.
Тэрбээр өнгөрсөн онд бүдүүн гэдэсний хор хавдраар өвчилж, мэс засалд орсон ч эмчилгээ нь үр дүнгүй болсноор эмнэлэгт эмчилгээгээ үргэлжлүүлж байсан юм. Пелег Дэлхийн хөлбөмбөгийн холбоо болон олон улсын олимпын хорооноос XX зууны шилдэг хөлбөмбөгчин хэмээн өргөмжилсөн байдаг. Эдсон Арантис ду Насименту дэлхийн аваргын гурван тэмцээнд аваргалсан цорын ганц домогт хөлбөмбөгчин юм.
Тэрбээр хөл бөмбөгийн түүхэнд их олон санаа, шинэчлэлийн эхлэлийг тавьсан хүн гэгддэг. Мөн хөлбөмбөгийн ертөнцөд орсон үеэсээ л олсон орлогоо зөв бизнест оруулах, хувьцаа худалдаж авах, шинэ пүүс компани нээх зэрэг үйл ажиллагаанд зориулдаг нэгэн байв.
Пеле зөвхөн хөлбөмбөгч байгаад зогсоогүй бас зохиолч байсан гэхэд хилсдэхгүй. Түүний “Би бол Пеле” ном тухайн үедээ асар их эрэлт хэрэгцээтэй бүтээл болж байсны жишээ нь 180 мянган бразил хүүхэд зөвхөн энэ номыг унших гэж бичиг үсэг сурч байсан гэсэн баримт байдаг. Тийм ч учраас Бразилын соёлын яам түүнийг “соён гэгээрүүлэгч” хэмээх алтан медалиар шагнаж байжээ. Пеле тоглож байхдаа болон зодог тайлснаасаа хойш өөрийн намтрын гурван ч ном гаргасан бөгөөд тэд нь бүгд бестселлер болж байсан байна.
Дэлхийн хөлбөмбөгийн хаан 82 насандаа таалал төгслөө | ||
Үзсэн: 594 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.