Монгол Улсын Засгийн газар 2023-2024 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан УБТЗ-ын Зорчигч тээврийн алба, Аялал жуулчлалын төв хамтран тусгай хөтөлбөртэй галт тэрэгний аяллуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд шинэ оны босгон дээр эхний аяллаа зохион байгууллаа. Тодруулбал, шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан "Санта Клаус" хүүхдийн галт тэрэгний аяллыг Улаанбаатар-Дарханы чиглэлд зохион байгуулсан нь хүүхэд багачуудын талархлыг хүлээв. Уг аялалд эцэг, эхчүүд хүүхдүүдийн хамт оролцож, хүүхэд насандаа эргэн очсон бол галт тэргээр аялж үзээгүй хүүхдүүдийн хувьд сэтгэл догдлуулсан сонирхолтой аялал болжээ. Аялалд гарахын өмнө өвлийн өвгөн морилон ирж, хүүхдүүдэд бэлэг гардуулан өгсөн нь баярлаж хөөрсөн багачуудад гэнэтийн сюрприз болсон байна. Аяллын үеэр хүүхдүүд эцэг, эхийн хамт тав тухтай галт тэргээр аялангаа Дархан хоттой танилцсан аж.

Мөн “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд байх "Хүүхдийн төмөр зам"-д зочилж, галт тэргээр аялан “Монгол орноор аялах нь” гар зургийн уралдаанд оролцож, өвлийн өвгөн ба үлгэрийн баатруудтай хөгжилдөн тоглож, хүүхдийн кино үзэж цагийг зугаатай сайхан өнгөрүүлэв. “Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан “УБТЗ” ХНН-ийн зүгээс дотоодын аялал, жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд олон сонирхолтой аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд хүүхэд багачуудыг галт тэргээр аялуулж, байгалийн үзэсгэлэнт газруудтай танилцуулах замаар эх орноороо бахархах, хайрлах сэтгэгдэл, дурсамж үлдээх зорилготой аяллыг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж “УБТЗ” ХНН-ийн Аялал Жуулчлалын Төвийн дарга Б.Хажидмаа ярилаа. “Монголд зочлох жил”-ийн хамгийн анхны аяллыг УБТЗ-ын зүгээс шинэ оны эхний өглөө "Нарны галт тэрэг"-ийг аялуулснаар эхлэх юм.


Эх сурвалж: "УБТЗ" ХНН
| УБТЗ "Санта Клаус" хүүхдийн галт тэрэгний аяллыг зохион байгуулав | ||
| Үзсэн: 593 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.