Шууд Chart

Хаант улсын албатуудын “Брексит”-д хандах хандлага эрс өөрчлөгджээ

2023-01-04 11:56:36

Их Британи улс Европын холбооноос гарсан хоёр жилийн хугацаанд хаант улсын албатуудын “Брексит”-д хандах хандлага эрс өөрчлөгджээ.

“Индепендент” сониноос явуулсан санал асуулгаар оролцогчдын 65 хувь нь Европын холбооноос гарах асуудлаарх бүх нийтийн санал хураалтыг дахин зохион байгуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн байна.

Жилийн өмнөх санал асуулгаар 55 хувь нь ийм хариулт өгч байсан юм.

Британийн иргэдийн зарим хэсэг нь “Брексит” маш таагүй үр дүн авчирсан гэж үзжээ. Засгийн газар ээлж дараалан солигдож, эдийн засаг нь хямарсан зэргийг үүнд дурдсан байна.

Түүнчлэн санал асуулгад оролцсон иргэдийн 56 хувь нь Европын холбооноос гарсан нь Британийн эдийн засагт асар их хохирол учруулсан гэжээ. Нэг жилийн өмнө иргэдийн 44 хувь нь ийм бодолтой байсан юм.

“Брексит”-ийг дэмжигчид Британийг Европын холбооноос гарснаар эдийн засаг сайжирч, хөгжин цэцэглэнэ гэж амлаж байлаа. Гэвч тэдний өөдрөг төсөөлөл одоо болтол биелээгүйг хэвлэлүүдэд тэмдэглэжээ.

Санал асуулгад оролцогч иргэдийн олонх нь Европын холбоондоо эргэн нэгдэхийг дэмжиж байгаа хэдий ч 22 хувь нь л ойрын таван жилийн дотор бүх нийтийн санал хураалт шинээр явуулах боломжтой гэж үзэж байна.

Хэрэв санал хураалт болбол 54 хувь нь Европын холбоондоо үлдэхийг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хаант улсын албатуудын “Брексит”-д хандах хандлага эрс өөрчлөгджээ  
Үзсэн: 310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй