
Их Британи улс энэ онд "Их-7"-гийн бусад оронтой харьцуулахад эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөнө гэж “Файнэншл Таймс” сонинд мэдээлжээ.
Тус хэвлэл эдийн засгийн шинжээчдээс санал асуулга авахад цар тахал, Украины хямралаас үүдэлтэй инфляцийн шокоос болоод Төв банкны үүрэг гүйцэтгэдэг Английн банк бодлогын хүүгээ өндөр хэмжээнд барьж, Их Британийн Засгийн газар татварын хатуу бодлого баримтлахаас өөр аргагүй болно гэж олонх нь хариулсан байна.
Түүнчлэн 2022 оны хавраас хойш буурч эхэлсэн Британийн ДНБ энэ онд ч багасна гэж эдийн засагчид үзжээ. Дээрх нөхцөл байдал Их Британийн айл өрхийн бодит орлогод нөлөөлнө гэж “Файнэншл Таймс”-т бичсэн байна.
2023 он хаант улсын хэрэглэгчдэд хатуу жил байх болно гэж шинжээчид тэмдэглэжээ.
Судалгаа шинжилгээний “Консенсус Экономикс” компанийн таамаглалаар 2023 онд Евро бүсийн ДНБ 0.1 хувиар буурч, АНУ-ын эдийн засаг 0.25 хувиар өсөж байхад Их Британийн ДНБ нэг хувиар агшина гэж гарчээ.
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак ч 2023 онд Их Британийн эдийн засгийн асуудал дуусахгүй гэдгийг өнгөрсөн оны сүүлчийн өдөр зарласан юм.
2022 онд эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс болоод Британийн олон иргэдэд хүнд туссан гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Британичуудын бодит орлого 2022 оны сүүлч гэхэд гурван хувиар унасан. Энэ нь 1977 оноос хойших хамгийн муу, 1945 оноос хойших хоёр дахь таагүй үр дүн гэж хэвлэлүүдэд тэмдэглэжээ.
Файнэншл Таймс: Их Британи энэ онд "Их-7"-гийн бусад оронтой харьцуулахад эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртөнө | ||
Үзсэн: 627 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.