
Соледарын төлөөх ширүүн тулаан үргэлжилж байгаа гэж Украины талаас мэдээллээ.
Украины зүүн бүсийн Донецк мужийн Бахмут хотын ойролцоо Соледарын төлөөх ширүүн тулаан үргэлжилж байгаа гэж тус улсын Батлан хамгаалахын дэд сайд Ганна Маляр мэдэгдлээ.
Тэрбээр Украины цэргүүд хүнд нөхцөл байдалд байгаа ч цөхрөлтгүй, тууштай тэмцэж байна гэж пүрэв гарагт сэтгүүлчдэд ярьсан байна.
Лхагва гарагт Оросын хөлсний цэргүүдийн “Вагнер” групп давсны нөөцтэй энэ хотыг бараг хяналтдаа авсан гээд, украинчуудыг төв хэсэгт нь бүслэлтэд оруулсан гэж мэдээлж байсан юм.
Харин Америкийн Дайны судалгааны хүрээлэнгээс тэр өдөр мөн Оросын хүчин саяхан ахиц гаргасан ч хотыг хараахан эзлээгүй гэсэн юм.
Оросын талаас хуурай замын хүчний дарга Олег Салюковыг пүрэв гарагт Беларус руу илгээсэн байна. Тэрбээр тэнд байгаа хоёр улсын хамтарсан цэргийн ангийн нөхцөл байдлыг шалгана хэмээн хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар мэдээлжээ.
Беларус, Оросын агаарын хүчин ирэх даваа гарагаас эхлэн хоёрдугаар сарын 1 хүртэл нэгдсэн бэлтгэл хийнэ гэж хоёр улс мөн мэдэгдэж байна.
Үүнтэй холбоотойгоор Москва Беларусаас шинэ цохилт хийж болзошгүй гэсэн болгоомжлол газар авч байна.
Оросын хуурай замын хүчний дарга Олег Салюков нь Украин дахь Оросын хүчний командлагчаар томилогдоод байгаа Валерий Герасимовын гурван орлогчийн нэг болсон байна.
Энэ сэлгээ тус улсын шинэ том довтолгооны бэлтгэл болж цэргийн команд, хяналтыг нь сайжруулна гэж ажиглагчид үзэж байна.
Украин: Соледарын төлөөх ширүүн тулаан үргэлжилж байна | ||
Үзсэн: 468 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.