
Сүүлийн 42 хоног халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул Уганда улс эбола вирусний дэгдэлт дууссан гэж зарлажээ. Дэгдэлтийн төв Мубенде дүүрэгт болсон ёслолын ажиллагааг телевизээр дамжуулахдаа ингэж мэдэгдсэн байна.
Тус улсын Эрүүл мэндийн сайд Жэйн Рут Асенг Осеро “2023 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр Уганда улсад эбола вирусний дэгдэлт эхэлснээс хойших 113 дахь өдөр. Би ард иргэдээ сонор сэрэмжтэй байж, үйл ажиллагааны стандарт журмыг хэрэгжүүлж, эболатай төстэй шинж тэмдэг илэрсэн хүн бүрийг энэ талаараа мэдээлэхийг уриалж байна” гэж ярьжээ.
Түүний ярьснаар Уганда улсад гарсан эбола вирусний 8 дахь удаагийн дэгдэлтээр 143 хүн халдварласан байна. Мөн 22 хүн магадлалтай тохиолдол хэмээн бүртгэгдэж, 55 хүн энджээ.
Халдвартай тэмцэхийн тулд албаныхан энэ вирусээр нас барсан хүмүүсийг оршуулахад оролцсон болон цогцсуудыг зөөлцсөн хүмүүсийг олж тогтоох эрчимтэй үйл ажиллагаа явуулсан байна.
Зарим хүн карентинаас зугтан, тус улсын нийслэл Кампала хотод хүрсэн бол, зарим нь уламжлалт эмч, домчид эмчилгээ хийлгэхээр ханджээ. Үүнээс болж Угандагийн нийслэл зэрэг тус улсын 9 бүс нутагт халдвар тархсан байна.
ДЭМБ-ын тодорхойлолтоор эбола вирус 42 хоногийн хугацаанд шинээр халдварлаагүй бол дууссан гэж үзэх юм байна.
Энэ вирус халдварладаг боловч "Ковид-19" зэрэг бусад халдварт өвчин шиг хурдан тархдаггүй. Өвчтэй хүний цус болон шүлс, хөлс, үрийн шингэн, эсвэл ялгадсаар, мөн ор дэрний цагаан хэрэглэл, зүү зэрэг бохирдсон эд зүйлсээр дамжин халддаг байна.
Халуурах, өвдөх, ядрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд энэ нь суулгалт, бөөлжилт, шалтгаан нь тодорхойгүй цус алдалт болж хувирдаг байна.
Уганда улс эболагийн дэгдэлт дууссан гэж зарлажээ | ||
Үзсэн: 397 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.