Шууд Chart

Сүнсний баярын жагсаалтай холбоотой төлөвлөгөө боловсруулаагүй, ослын үеэр шуурхай арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлт гаргажээ

2023-01-14 13:47:40

Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд гарсан шахцалдааны шалтгааныг судлах Цагдаагийн тусгай бүлэг орон нутгийн захиргааны албан тушаалтнууд Сүнсний баярын жагсаалтай холбоотой төлөвлөгөө боловсруулаагүй, ослын үеэр шуурхай арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлт гаргажээ. Шахцалдааны улмаас 159 хүн амиа алдсаны олонх нь залуус байсан юм.

Энэ хэргээр осол гарсан дүүргийн цагдаагийн газрын тэргүүн, захиргааны тэргүүн зэрэг 6 хүнийг саатуулсан байна. Тэднийг ажилдаа хайнга хандсан гэж буруутгажээ. Түүнчлэн 17 хүнийг хариуцлагад татах зөвлөмж гаргасны дотор Сөүл хотын цагдаагийн газрын даргын нэр оржээ.

Тэгвэл амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Сөүл хотын захиргаа, Өмнөд Солонгосын үндэсний цагдаагийн газрын илүү өндөр албан тушаалтнуудыг хариуцлагад татаж, шийтгэхийг шаардаж байна.

Нэгэн хохирогчийн эцэг “Гүрвэлийн толгойг аварч үлдэхийн тулд сүүлийг нь тасаллаа” гэж "Би-Би-Си"-д мэдээлжээ.

Цагдаагийн мөрдөн шалгах бүлгийн тэргүүн Сон Чи Хван, дүүргийн засаг захиргааг шахцалдаанаас сэргийлэх ямар ч арга хэмжээ аваагүй, хүмүүсийн өгсөн олон тооны дуудлагыг тоогоогүй, нөхцөл байдлыг буруу үнэлснээс болж мэдээлэл дамжуулах, албад хоорондоо хамтарч ажиллахад саад болсон гэж дүгнэжээ. “Эдгээр олон алдаа нийлснээр асар олон хүн хохирсон” гэж тэрбээр тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгост Сүнсний баяр төдийлөн тэмдэглэдэггүй ч тухайн өдөр Сөүлийн Итэвон хороонд олон хүн цугларсан юм.

Шахцалдааны үеэр 100 мянгаад хүн тэнд байсан гэж үзэж байна. Иргэд нарийн гудамжинд зайгүй болтлоо чихэж, урд байсан хэсэг хүн унахад араас нь түлхэж дарсаар, олон хүн хохирчээ.

Жагсаалын үеэр нөхцөл байдал хүндэрч болзошгүйг иргэд цагдаа нарт хэдэн цагийн өмнө дуудлага өгч анхааруулсан нь ил болсон байна. Гэвч тэд 11 дуудлагаас ердөө дөрвийг нь авчээ. 

Нийтэлсэн: Mонголын радио

Сүнсний баярын жагсаалтай холбоотой төлөвлөгөө боловсруулаагүй, ослын үеэр шуурхай арга хэмжээ аваагүй гэсэн дүгнэлт гаргажээ  
Үзсэн: 513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй