
Сүүлийн жилүүдэд дэлгэцийн уран бүтээл үзэгчдэд түлхүү хүргэж байсан “Х ТҮЦ” продакшныхан энэ жилийг тайзны уран бүтээлээр эхлүүллээ. Тус продакшны бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан “Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд боллоо.
Бүрэн бүрэлдэхүүнээрээ гэдгийн учир нь Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нараас гадна тус продакшнаас өрх тусгаарласан “Эмоци” продакшныг байгуулсан жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Нарансолонго, Д.Түвшинтөр тус бүтээлд тогложээ.
Түүнчлэн урилгаар “Маск” продакшны жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг тус жүжгийн бүрэлдэхүүнд багтаж. Хамгийн гол нь “Х ТҮЦ”-ийн шавыг тавьсан уран бүтээлчдийн нэг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж “Зохиолгүй амьдрал” жүжгийг найруулжээ.
“Х ТҮЦ” продакшн өмнө нь “Аянгын бороо”, “Хориотой жүжиг”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж үзэгчдээс төдийгүй мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч байсан. Залуу жүжигчин Э.Анужин 12 настайдаа “Х ТҮЦ” продакшны “Сэрүүн хасын нууц” жүжигт дүр бүтээж байсан бол их сургуульд жүжигчний мэргэжил эзэмшиж төгсөөд, арван жилийн дараа дахин “Х ТҮЦ” продакшны бүтээлд тоглож байгаа аж.
Уран бүтээлчид нь “Зууны шилдэг инээдмийн жүжиг” хэмээн тодотгосон тус бүтээлийн өрнөл үнэхээрийн энгийн. Жүжгийн гол дүр Кетти нөхрийнхөө найз Жиммитэй хамт өглөөний хоол идсэн ч, үүнийгээ ор тас нуухын тулд тэр өглөө ресторанд очоогүй хэмээн нөхөр Вильямдаа худал хэлнэ. Хэдий жижиг зүйл мэт авч тэрүүхэн худал үгс асар олон хүнийг хөлдөө чирж, ар араасаа босох асар олон том асуудлыг дагуулна. Хөшиг хаагдахад ч асуудлууд бүрэн дүүрэн шийдэгдсэнгүй. Үнэн байх шиг тав тух гэж үгүй ажээ.
“Зохиолгүй амьдрал” жүжгийн баг бүрэлдэхүүний гүйцэтгэл сайн байлаа. Мөн тайзан дээр байрлуулсан өвөрмөц гэрлүүд хүний тархи ямар нэгэн цочрол авах бүрт ийм үйл явц явагддаг байхдаа гэсэн мэдрэмжийг төрүүлж байв. Түүнчлэн
.Үүнээс гадна жүжгийн трэйлэрт уг тайзны бүтээлээ дэлгэцийн болгон хөрвүүлж, дүрүүдийн чухал диалоги буюу харилцан яриаг багтаасан нь өндөр ур хийцтэй болсон төдийгүй жижиг деталь бүр дээр ч анхаарлаа хандуулж бүтээлээ цогцоор нь чанарын өндөр түвшинд үзэгчдэд хүргэхийг зорьсон нь эрхгүй ажиглагдлаа.
Үнэн байх шиг тав тух гэж үгүй | ||
Үзсэн: 8720 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.