Шууд Chart

Хятадын Гадаад хэргийн сайд Израилийн Засгийн газарт өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийхийг уриалжээ

2023-01-17 16:22:54

Хятадын Гадаад хэргийн шинэ сайд Израилийн Засгийн газарт өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийхийг уриалжээ.

Шинээр томилогдоод байгаа Хятадын Гадаад хэргийн сайд Чинь Ган Грек улсад айлчлах үеэрээ Израил улсад хандан өдөөн хатгасан үйлдлээс зайлхийхийг уриалжээ. “Израил улс өдөөн хатгасан, турхирсан үйлдлээ бүрэн зогсоож, нөхцөл байдлыг хурцатгаж мэдэх аливаа нэг талыг барьсан, явцуу үйлдлээс зайлсхийх хэрэгтэй” гэж шинэхэн сайд Чинь ням гарагт Грекийн Гадаад хэргийн сайд Самех Шукритай уулзах үеэрээ хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.

Хятадын Засгийн газар Израил, Палестины харилцаа муудаж байгаад гүнээ санаа зовниж байна гэж Гадаад хэргийн сайд нэмж хэлсэн байна. Тэрбээр Исламын шашны 3 дахь том ариун сүм оршдог Ариун сүмийн уулын өнөөгийн байдал статусыг хэвээр үлдээхийг уриалаад, “Олон улсын хамтын нийгэмлэг Палестины асуудлыг олон улсын хэлэлцэх асуудлын тэргүүнд тавьж, хоёр талын энхийн хэлэлцээг сэргээхэд тус дөхөм үзүүлэх ёстой” хэмээн ярьсан байна.

Израилийн шинэ Засгийн газар Баруун эрэг дэх эзлэгдсэн газар нутгийн нөхцөл байдлын талаар Олон улсын шүүхээс хууль ёсны шийдвэр гаргуулах гэж чармайж буй энэ цаг үед Бээжин байр сууриа ийн илэрхийлж байна гэж Оросын хэвлэлд мэдээлж байна.

Энэ сарын эхэнд Бенжамин Нетанъяхугийн Засгийн газар Палестины далбааг олон нийтэд үзүүлж, дэлгэхийг хориглосон мэдээ байна. Мөн Палестины Гадаад хэргийн сайдын зорчих үнэмлэхийг хүчингүй болгож, Палестины эрх баригчдад ердийн байдлаар шилжүүлдэг санхүүжилтээ саатуулна гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Иерусалим дахь Ариун сүмийн ууланд очсон нь палестинчуудын эгдүүцлийг төрүүлжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Ган Африкийн таван улсад хийсэн анхны гадаад айлчлалаа ням гарагт дуусгажээ. Сүүлийн жилүүдэд тус улсын Гадаад хэргийн шинэ сайд томилогдсон даруйдаа Африкт айлчилдаг уламжлал тогтсон байна. Бээжин Африкийн орнуудад 160 тэрбум долларын зээл олгож, дэд бүтцийн төсөлдөө хамруулаад байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

Хятадын Гадаад хэргийн сайд Израилийн Засгийн газарт өдөөн хатгасан үйлдлээс зайлсхийхийг уриалжээ  
Үзсэн: 352 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй