
Украинд тусламж үзүүлэх асуудлаар шийдэмгий бус байр суурь баримталдаг гэдгээрээ олон сарын турш шүүмжлэлд өртсөн ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт огцорлоо.
Тэрбээр Германд үйлдвэрлэсэн байлдааны танкуудыг Украинд хүргэхийг Берлинээс шаардан шахалт дарамт үзүүлж байгаа үед мөн Киевт зэвсэг нийлүүлэх ажлыг зохицуулдаг Украины Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн холбогдох бүлэг баасан гарагт уулзалт хийхээс хэдхэн хоногийн өмнө ийм шийдвэр гаргасан байна.
Тэрбээр огцрох болсноо зарлахдаа “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон сарын турш над руу анхаарлаа хандуулж, Германы иргэдийн эрх ашгийн үүднээс цэрэг, арми, аюулгүй байдлын бодлогын талаар баримтуудыг дэлгэж хэлэлцэх боломж олгохгүй байна” гэж мэдэгджээ.
Орос Украин руу дайрахаас өмнө Киев хүнд зэвсэг хайж байх үед Германы Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт Герман Украинд 5000 каск нийлүүлнэ гэж мэдэгдээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн бай болсон юм.
Түүнчлэн тавдугаар сард хүүтэйгээ хамт Засгийн газрын нисдэг тэргээр амралтад явсан нь дуулианд нэмэр болсон байна. “Билд” сонин л гэхэд “Украины ид хямралын үеэр амарч байна” гэж шүүмжлээд, эрүүл ухаантай гэдэгт нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн.
Энэ сарын эхээр Кристина Ламбрехт Европын төвд дэгдсэн дайн энэ онд дуусах болно гэсэн бичлэг нийгмийн сүлжээгээрээ цацаж, Украины дайн олон онцгой сэтгэгдэл үлдээж, олон алдартай, сонирхолтой хүнтэй уулзах боломж олгосон гэж мэдэгджээ. Үүнээс хойш Германы хэвлэлүүд түүнийг хурдан огцрох ёстой гэсэн байр сууриа тод томруун илэрхийлэх болжээ.
Кристина Ламбрехтийг мөн сүүлийн жилүүдэд улс дотроо төдийгүй НАТО-д шүүмжлэлд өртөх болсон Германы зэвсэгт хүчний хангамжийг сайжруулж чадаагүй гэж гэж буруутгаж байлаа.
Одоогоор түүний оронд хэн Батлан хамгаалахын сайд болох нь тодорхойгүй байна.
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд Кристина Ламбрехт огцорлоо | ||
Үзсэн: 393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.