
Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан Төрийн дайллагад Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож хэлсэн үгийг хүргэж байна.
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэмсэг хатагтай ноёд оо,
Монгол түмэн нар, хур тэгширсэн дэлгэр зуны энэ өдрүүдэд үндэсний их баяр наадмаа өргөн сайхан тэмдэглэж байна. Үндэсний их баяр наадмын төрийн дайллагад бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн гүн хүндэтгэлт Та бүхэнд гэр бүлийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлж сайны ерөөл өргөн мэндчилье.
Монголчууд наадмаа бүтэн жил хүлээдэг. Бүтэн жил хүлээдэг энэ наадам бол Монголчуудын бидний цэнгэл баяр төдийгүй түүх, соёлын гайхамшгийг илэрхийлэх онцгой мөч юм. Хүчит бөх, эрдэмт уяач, мэргэн харваач, баясгалант наадамчид, аялгуут гийнгоо, иссэн айраг. Энэ бүхэн бол монгол наадмын чимэг, өнгө нь билээ.
Үндэсний их баяр наадам үзэж сонирхож байгаа наадамчид, хол, ойрын олон хүндэт зочин, анд нөхөдтэйгөө баяраа хуваалцаж байгаадаа туйлын баяртай байна.
Өнө эртний түүхт Монгол Улс өнөө ч мөн чанараа тээж, хөгжин цэцэглэж явна. Монгол Улсын ололт амжилт бол манай сая сая иргэдийн ололт амжилт төдийгүй манай орон, байгууллага, ард иргэдтэй хамтран ажилладаг нийт хүмүүсийн хамтын хөдөлмөр бүтээлийн үр дүн юм.
Энэ үдшийн төрийн дайллагын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн эрхэмсэг хатагтай ноёд Та бүхэнд гүн талархаж байгаагаа дахин илэрхийлэхийн ялдам, баяр наадмын энэхүү сүүн хундагыг Таны бие эрүүл, ухаан саруул байхын төлөө, Улс Монгол маань хөгжин цэцэглэхийн төлөө, Даян дэлхий амгалан тайван оршихын төлөө өргөе.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Өнө эртний түүхт Монгол Улс өнөө ч мөн чанараа тээж, хөгжин цэцэглэж явна | ||
Үзсэн: 1963 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.