Шууд Chart

Улсын харцага Н.Батсуурь түрүүлж, Улсын арслан болов

2014-07-12 20:40:35

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдаанд нутаг нутгийн хүчтэн 512 бөх зодоглосноос  Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээний бөх улсын харцага Н.Батсуурь түрүүлэн, Монгол Улсын арслан цолны болзолыг хангаж, Завхан аймгийн Идэр сумын уугуул, Монгол Улсын өсөх идэр начин Улсын начин Ш.Жаргалсайхан үзүүрлэлээ. Ийнхүү үндэсний баяр наадмын есийн даваа өндөрлөн арслан, заан, харцага, начин цолтон шинээр төрсөн монгол зон олны өнөө жилийн үндэсний их баяр наадам үнэхээр сайхан боллоо. Шинэхэн арслангийн сэтгэгдлийг сонсоход, "Монгол нутаг орон маань түшиж ийм сайхан цол авсандаа баяртай байна. Даваа бүхэндээ үнэхээр хичээж барилдлаа. Намайг дэмждэг гэр бүл, аав ээж, нутгийнхандаа баярлалаа. Энэ хүмүүсийнхээ хүч дэмээр, улсын арслан цолыг хүчээрээ авлаа" гэсэн юм. 

Завхан аймгийн Идэр сумын уугуул,  Монгол Улсын өсөх идэр начин Улсын начин Ш.Жаргалсайхан Улсын гарьд Н.Ганбаатараар найм давж Монгол улсын гарьд цолны болзлыг хангаж, гарьд болов. Тэрээр энэ жилийн наадамд үнэхээр одтой барилдсан. Тэрээр тавын даваанд аварга Г.Эрхэмбаярыг, 6-ын даваанд аварга С.Мөнхбатыг, 7-ын даваанд Х.Мөнхбаатар арсланг тус тус давж Н.Батсуурьт өвдөг шороодож үзүүрлэсэн. Түүний сэтгэгдлийг сонсоход, "Баяр наадмын бөхийн барилдааны үзүүрт шалгарсандаа баяртай байна. Завхан нутгийнхан маань сайхан наадлаа. Би улсын наадамд 13 жил барилдаж байна. Начин болоод дөрвөн жил болж байна. Гарьд цолыг өөрийн хүчээр авч, төрийнхөө наадамд үзүүрлэсэндээ маш их баяртай байна. Нийт монголчууддаа, нутгийнхандаа баярлалаа. Завхан аймгийн Идэр суманд байгаа аав Ширбазар, ээж Лхагвасүрэндээ их баярлалаа. Би анх Юнрэн багшид шавь орж байсан. Багшдаа баярлалаа" гэв.

 


Улсын харцага Н.Батсуурь түрүүлж, Улсын арслан болов   
Үзсэн: 3502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй