Шууд Chart

Сайд Х.Болорчулуун Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа

2023-02-13 14:01:49

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын мал аж ахуйн салбарын өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутгийн удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгөх, холбогдох аймгийн онцгой комиссын хурлыг зохион байгуулж тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх ажлаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар 02 дугаар сарын 10-12-ны өдөр орон нутагт ажиллалаа.

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүсэд 10 аймгийн 545 өрхийн 493 мянга гаруй толгой мал отроор өвөлжиж байна. 

Эдгээр оторчдын нэг болох Багануур дүүргийн 1 дүгээр багийн малчин М.Лхагвадашийнх 600 орчим бог, 20 гаруй үхэртэй өвөлжиж буй аж. Багануур дүүргийн нутагт зуншлага сайн байсан ч намраас хойш өнөөдрийг хүртэл 16 удаагийн цаснаар 40 орчим см цасан бүрхүүл тогтож, дагтаршсанаас цагаан зудтай, өдөртөө -40 градус хүрч хүйтэрч байгааг М.Лхагвадаш хэллээ. Харин Хэрлэнбаян-Улаан отрын бүсэд өвөлжиж эхэлснээр цас бага учраас мал хөлөөр бэлчээрлэх боломжтой болж, дулаахан учраас мал муудах нь бага, хүн бүлгүйдэхгүй байгааг тэрбээр хэлж байв.

Хэдийгээр баг, тосгон ч гэлээ отрын бүс нутаг гэдэг утгаараа олон аймгийн, олон иргэд өвөлжиж, хаварждаг тул Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай хүргэх шаардлага гардаг байна. Тиймээс Эрүүл мэндийн төвд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тохиромжтой автомашиныг олгохоор шийдвэрлэсэн юм. 

Мөн нийт нутгийн 50 орчим хувь нь отрын бүс нутаг байдаг учраас нутгийн иргэд зусахад хүндрэл учирдаг. Иймд 10 мянга га газрыг отрын бүсээс чөлөөлөх хүсэлтийг сум орон нутгийн удирдлагууд Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хүргүүлснийг Засгийн газрын хуралдаанаар оруулахаар төлөвлөсөн байна. 

Дэлгэрхаан сумын хадлангийн нөөц газарт өвсний гарц тааруу байснаас тус аймгийн Баян-Адарга сумын нутгаас 90 тонн байгалийн хадлан, 35 тонн тэжээлийг сумын нөөцөд, малчид иргэд 1800 тонн өвс худалдан авчээ. 

Ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссыг хуралдуулж, нөхцөл байдлын мэдээллийг сонссоны зэрэгцээ тодорхой үүрэг чиглэлийг өгч, 220 тонн хивэг, тэжээл, долооцыг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор боллоо.

Хэнтий аймгийн нутаг дэвсгэрийн нийт нутгийн 60 гаруй хувь нь цагаанаар зудтай болон цагаанаар зудархуу нөхцөлд байдалтай байгаа бөгөөд 12.4 мянган малчин, мал бүхий өрхөд нийт 5.1 сая толгой мал өвөлжиж байна.

 Эх сурвалж: ХХААХҮЯ


Сайд Х.Болорчулуун Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа  
Үзсэн: 393 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй