Шууд Chart

Ерөнхий сайдын айлчлалын үеэр ХНХ-ын үйлчилгээний төвийн үйл ажиллаганы талаар мэдээлэл өглөө

2023-02-14 11:48:37

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийж буй албан айлчлалын хүрээнд 2022 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр Сөүл хотноо зохион байгуулсан иргэдийн уулзалтад тус улс дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийн дарга Д.Баярмандах болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд 2050 он хүртэлх урт хугацааны бодлогыг танилцуулсан ба “өнгөрсөн 30 жилд Монгол Улсын эдийн засаг 17 дахин тэлсэн ч иргэдийн амьдрал тэр хэрээр сайжраагүй. 43,6 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлттэй манай улсын экспортын 93 хувийг уул уурхай бүрдүүлж нэг салбараас хэт хараат байгаа өнөөгийн тогтолцоог өөрчлөхийн тулд инноваци, цахимжилтыг дэмжиж, газрын болон агаарын хилийн боомтоо сайжруулан жуулчдыг татах, эдийн засгийг солонгоруулах, ялангуяа хүний хөгжилд анхааран ажиллаж байгаа бөгөөд эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн Монголчуудын дэмжлэг чухал” гэдгийг онцолсон.

Ерөнхий сайдын айлчлалыг сурвалжлах баг энд байгаа иргэдийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой эрх ашгийг хамгаалах, нийгмийн баталгааг хангах чиг үүрэгтэй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын төвийн үйл ажиллагаатай холбогдуулан зарим асуултад тус төвийн даргаас хариулт авлаа.

Тэрээр “хилийн чанадад амьдарч байгаа нийт Монголчуудын 40 хувь (53000 иргэн) орчим нь Солонгос улсад амьдарч, тэдгээрийн 90 хувь орчим нь хөдөлмөрийн харилцаанд ордог онцлогтой. Мөн тус улсад хамгийн олон иргэн нь амьдарч буй топ 10 улсын 9-т Монгол Улс жагсаж байгаа нь цөөн хүн амтай манай улсын хувьд харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ утгаараа эдгээр иргэдийнхээ нийгмийн баталгааг хангаж, эрх ашгийг хамгаалах нь чухал ач холбогдолтой бөгөөд 2007 оноос хойш нийтдээ 34 тэрбум төгрөгийг, өнгөрсөн онд 2,5 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын санд төвлөрүүлж, даатгуулагчийн нийгмийн баталгааг ханган ажилласан бол 2004 оноос хойш 30000 гаруй, 2022 онд 845 гэрээт ажилчныг ажиллах нөхцөлөөр хангаж, 13 дахь сарын цалин, нутаг буцах зардал болон хөдөлмөрийн маргаанаас үүдэлтэй авч чадаагүй цалин зэрэг 2,9 тэрбум воныг өнгөрсөн онд өөрийн орны иргэддээ олгуулсан. Монгол хүний хөгжлийг ахисан түвшинд хүргэх, иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, төрийн үйлчилгээг шуурхай үр дүнтэй үзүүлэхийг зорилго болгон ажиллаж байна” гэлээ.

Дашрамд дурьдахад, БНСУ нь хөгжиж буй 16 орноос гэрээт ажилчин авч ажиллуулдагаас Хятад, Вьетнам, Узбекстан, Монгол гэсэн 4 улс хөдөлмөрийн харилцааг зохицуулах чиг үүрэг бүхий тусгай байгууллагатай. Бусад гурван орны хувьд оршин суудаг хүн амын тоо болон гэрээт ажилтан илгээдэг тоогоороо тэргүүлдэг ба зөвхөн хөдөлмөрийн харилцаанд анхаардаг бол Монгол Улсын төвийн хувьд нийгмийн даатгал болон ХНХЯ-ны хамрах хүрээний бусад чиглэлийг давхар хэрэгжүүлэн ажилладагаараа онцлогтой юм гэж БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс мэдээллээ.


Ерөнхий сайдын айлчлалын үеэр ХНХ-ын үйлчилгээний төвийн үйл ажиллаганы талаар мэдээлэл өглөө  
Үзсэн: 450 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй