Шууд Chart

Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа

2023-02-17 09:45:13

Соёлын яамнаас Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 40.5-д заасны дагуу Соёлын биет бус өвийг үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан алдаршуулах, түгээн дэлгэрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан өвлөн уламжлагчийг жил бүр шалгаруулж, мөнгөн шагналаар шагнадаг билээ.

2022 оны шилдэг өвлөн уламжлагчаар “Монгол хөөмэйн уламжлалт урлаг” өвийг өвлөн уламжлагч Дашдоржийн Цэрэндаваа шалгараад байна.

Д.Цэрэндаваа нь 1954 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн, багаасаа өөрийн аав Л.Дашдорж болон нутгийн хөөмэйч М.Өлмийбат, Г.Маргад, Д.Сундуй, Д.Чулуун нараас хөөмэйн ур чадварыг эзэмшжээ.

Тэрбээр Монгол хөөмэйг хөгжүүлэх, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх,  дэлхий дахинаа сурталчлах үйлсэд олон жил үр бүтээлтэй ажиллаж, 4 тивийн 38 орны 155 хотод аялан тоглолт хийж, 800 гаруй шавь сургаж, Монгол хөөмэйн талаарх гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын бүтээсэн 8 баримтат кинонд гол дүр бүтээсэн өвлөн уламжлагч юм.

Ташрамд дурдахад, өмнөх жилүүдэд шилдэг өвлөн уламжлагчаар Өвөрхангай аймгийн Өлзийт сумын иргэн, олноо “Дөмөн” хэмээн алдаршсан уртын дууч Д.Дулмаа (2018), Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн, туульч А.Балдандорж (2019), Увс аймгийн Малчин сумын иргэн, баяд бийч, ихэлч Ж.Хумбаа (2020), Өвөрхангай аймгийн Баян-Өндөр иргэн, хөхүүр урлаач, “Гүүний айраг исгэх уламжлалт арга технологи” өвийг өвлөн уламжлагч Д.Гүндэгмаа (2021) нар шалгарч байжээ.


Соёлын биет бус өвийн 2022 оны шилдэг өвлөн уламжлагч шалгарлаа  
Үзсэн: 525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй