
Төрт улс байгуулагдсаны 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмаар амжилт гаргасан болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шинээр цол хүртсэн Батлан хамгаалах, зэвсэгт хүчний зарим тамирчдад хүндэтгэл үзүүлэн, шагнал гардуулах ёслол Батлан хамгаалах яаманд боллоо.
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ Үндэсний их баяр цэнгэл наадмын эрийн гурван наадамд ид хавтай барилдаж, эрэмгий мэргэн харваж, эрчилсэн хурдаар хүлгээ уралдуулсан батлан хамгаалах, зэвсэгт хүчний тамирчдын бие бүрэлдэхүүндээ талархал дэвшүүлж, дараах тамирчдыг шагнаж урамшуулахаар тушаал гаргажээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын дархан аварга” цол хүртсэн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны дарга, хурандаа Г.Өсөхбаярыг “Батлан хамгаалахын тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагналаа.
Монгол Улсын начин цол хүртсэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн тамирчин Б.Бадамсүрэн, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн тамирчин Л.Лха-Очир, Зэвсэгт хүчний “Алдар спорт хороо”-ны тамирчин Н.Адъяабат нарыг “Дайчин алдар-III медаль”-иар шагнасан бол Монгол Улсын заан цолоо баталсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн тамирчин Ч.Санжаадамба, 6 давж шөвгөрсөн Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, хошууч Б.Гончигдамба, Буриад сурын харваанд мөнгөн медаль хүртсэн спортын мастер Б.Батбаатар, Урианхай сурын харваанд мөнгөн медаль хүртсэн Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн тамирчин ахлагч, спортын мастер Д.Мөнхгэрэл, Халх харваанд мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер ахлах дэслэгч Д.Норжмаа нарын эрхий мэргэн харваачид “Эх орны төлөө-I хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.
Мөн хүчит бөхийн барилдаанд 5 давж начин цолоо баталсан Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн тамирчин Р.Пүрэвдагва, Буриад сурын харваанд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн тамирчин С.Энхтунгалаг, Халх харваанд хүрэл медаль хүртсэн Монгол Улсын мэргэн, спортын мастер, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн тамирчин, дэслэгч Б.Баярсайхан, Монгол Улсын спортын мастерийн болзлыг хангасан Б.Хатансайхан нар, Шүдлэн насны морины уралдаанд морио айрагдуулсан Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн малчин-уяач О.Батболд нар “Эх орны төлөө-II хүндэт тэмдэг”-ээр шагнуулж, Монгол Улсын төлөө, салбарын спортын амжилтын төлөө хичээнгүйлэн зүтгэхээ амлацгааж байлаа.
.jpg)
Салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаагаад байгаа дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяраас сэтгэгдлийг нь сонирхлоо. Тэрбээр, Батлан хамгаалах салбарынхан ийнхүү тамирчиддаа хүндэтгэл үзүүлж байна. 18 насандаа сумын заан, дэд ахлагч цолтой батлан хамгаалах, зэвсэгт хүчинд орж ирж байлаа. Өнөөг хүртэл, өдий зэрэгтэй яваа маань энэ хийморьлог албанд, цэрэг эрсийнхээ хамт зүтгэж яваагийн минь хишиг гэж боддог. “Алдар” спорт” хороо бол Монгол Улсад их спортыг хөгжүүлэх шавыг тавилцсан ууган байгууллага. Энэ байгууллагыг толгойлж, тамирчдынхаа арыг дааж явах нь асар их хариуцлага юм. Хороогоо, тамирчдаа өнгөтэй өөдтэй, амжилттай алдартай авч явах нь миний үүрэг учраас хоёргүй сэтгэлээр л зүтгэдэг дээ гэлээ.
Харин одтой сайхан барилдаж, Монгол Улсын начин цол хүртсэн Архангай аймгийн Тариат сумын харьяат, “Алдар” спорт хорооны тамирчин Н.Адъяабат тав зургаан жилийн уйгагүй хөдөлмөрийнхөөүр шимийг ийнхүү хүртэж, мөн “Дайчин алдар-III” медалиар энгэрээ мялаасандаа билэгшээн, удахгүй зорин очих төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойн мэндийг нутаг усныхандаа хүргэсэн юм.
Г.Өсөхбаяр: Өдий зэрэгтэй яваа минь хийморьлог албанд зүтгэсний хишиг гэж боддог... | ||
Үзсэн: 3728 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.