Шууд Chart

"Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” уулзалт хэлэлцүүлэг боллоо

2023-02-28 13:15:59

Засгийн газраас баталсан "Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам"-ын хүрээнд нүүрсний цахим арилжааг нээлттэй, ил тод, оролцогчдын тэгш эрхийг хангасан байдлаар зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох, арилжааны мэдээллийг худалдагч, худалдан авагч, бусад оролцогчдод бодитой, үнэн зөв, шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК хамтран “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Х.Булгантуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал нар үг хэлсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ "УИХ-аас ил тод хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн бүтээгдэхүүний гадаад, дотоодын зах зээл дээрх борлуулалтыг нээлттэй, оновчтой, өндөр үр ашигтай, зах зээлийн зарчимд нийцсэн аргаар хийх, шударгаар үнэ тогтооход чиглэсэн бодлого, чиглэлүүдийг гарган ажиллаж байгаа. Энэ хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг бол Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг баталсан явдал юм. Уг хууль нь энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх бөгөөд өнөөдрийн байдлаар нүүрсний арилжааг Засгийн газраас өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ын зохицуулалтындагуу явуулж  байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаанд тавих хяналтын журам”-ыг өнгөрөгч сард Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийняамтай  хамтран баталж экспортод гаргах нүүрсний цахим арилжаанд хяналт тавин ажиллаж байна. Ингэснээр уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа шударга, нээлттэй ил тод зохион байгуулагдах цаашлаад таваарын бирж үүсэн бий болоход чухал ач холбогдолтой" гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн уулзалт хэлэлцүүлэгт 200 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл биечлэн оролцсон бол цахимаар 80 гаруй аж ахуйн нэгжийн холбогдох ажилтнууд оролцож биржийн болон нүүрсний арилжаатай холбоотой дүрэм журам, заавар, дуудлага арилжаанд хэрхэн оролцох, гэрээ хэлцэл хэрхэн байгуулах, төлбөр тооцооны талаар дэлгэрэнгүй мэдээллийг авахын зэрэгцээ сонирхсон асуултдаа хариулт авлаа гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


"Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжаа” уулзалт хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 523 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй