Шууд Chart

Хосолмол дайны талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна

2023-03-15 14:40:19

“Сүүлийн үед уламжлалт буюу сонгодог дайн нь эдийн засаг, мэдээлэл, цахим дайны хэлбэртэй хосолсон байдлаар явагдаж байгааг судлаачид хосолмол дайн гэж үзэж байна.

Хосолмол дайны нөхцөл байдал, эрсдэл хэдийнээ бодитжсон энэ цаг үед бид энэхүү дайнаас хамгаалах стратеги, тактикийг боловсруулж, асуудлыг хөндөн тавьж байгаагаараа энэ удаагийн хурал онцлогтой” гэж ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах өнөөдөр зохион байгуулж байгаа “Хосолмол дайн, түүний стратеги, тактикийн асуудалд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг онцолсон юм.

Монгол цэргийн өдөр, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан 102 жилийн ойг тохиолдуулан БХЯ-ны Шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ҮБХИС-ийн олон улсын хурлын “Сүбээдэй” танхимд зохион байгуулж байна.

2007 оноос уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж байгаа уг эрдэм шинжилгээний хурлаар цэргийн удирдлага, цэргийн монгол судлал, сургалт, Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх онолын асуудал зэрэг олон сэдвийн хүрээнд өрнөж байсан бол 17 дахь удаагаа болж буй энэ удаагийн хурлын зорилго нь шинэ зууны шинэ дайн буюу хосолмол дайны стратеги, тактикийн асуудлыг гүнзгийрүүлэн судалж, үндэсний цэргийн урлагийг хөгжүүлэх, Зэвсэгт хүчний байгуулалтын үндсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд харгалзан үзэх чухал асуудлыг шүүн хэлэлцэж, нэгдсэн ойлголтод хүрэх, цаашдын үйл ажиллагааны үндсийг тодорхойлоход оршиж байна.

Эрдэм шинжилгээний хурлыг Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нээж, оролцогчдод амжилт хүсэж үг хэлсэн бол  ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба анхны илтгэлийг хэлэлцүүлсэн юм. Түүнчлэн БХЭШХ-ийн Дайн, цэргийн урлаг судлалын төвийн тэргүүлэх зэргийн эрдэмтэн, цэргийн түүхийн ухааны доктор (Sc.D), хурандаа Х.Шагдар, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор профессор Ш.Паламдорж, доктор профессор О.Үржин, Б.Мөнхсайхан нарын судлаачид судалгааны ажлын үр дүнгээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Энэхүү хуралд ҮАБЗ-ийн ажлын алба, ЕТГ-ын удирдах албан тушаалтнууд, БХЯ, ЗХЖШ, төрийн цэргийн бусад байгууллага, төрлийн цэргийн командлал, удирдах газар, ҮБХИС-ийн удирдлага, эрдэмтэн судлаачид урилгаар оролцсон юм.

Бид хурлын завсарлагаагаар Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Д.Содномцогоос сэтгэгдлийг сонирхвол, “Батлан хамгаалах салбарын Эрдэм шинжилгээний байгууллага үүссэнээс хойш 44 жилийн хугацаа өнгөрчээ. Бид салбартаа болон Зэвсэгт хүчинд тулгамдсан асуудлаар жил бүр хуралдан, асуудал хэлэлцэж энэхүү хурлаа зохион байгуулдаг. Энэ удаагийн хурлын онцлог нь шинэ зуунд үүссэн шинэ дайны тухай асуудлыг хэлэлцэж байна. Дайн, цэргийн урлаг судлалын төвөөс санаачлан эхлүүлсэн энэхүү эрдэм шинжилгээний хурал 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Бид жил жилийн хурлаас Зэвсэгт хүчний тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зөвлөмж боловсруулж, тэдгээр нь эрх зүйн баримт бичгүүдэд тусгалаа олж, батлан хамгаалах салбарт баримтлах бодлого, Зэвсэгт хүчнийг чадавхжуулах, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ” гэлээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Хосолмол дайны талаар эрдэмтэн судлаачид хэлэлцэж байна  
Үзсэн: 854 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй