
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутамд уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн судлаач Э.Өлзийлхам, Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын газрын ахлах референт Ш.Одгэрэл нар оролцов. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан Монгол Улсын 2014 оны эхний хагас жилийн “Шүүн таслах үйл ажиллагааны тайлан, дүн мэдээ” танилцууллаа. Тэрбээр “Иргэний хэрэг өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан үзүүлэлт гарсан нь шүүхийн шинэтгэлийн үйл явцтай холбоотой. Эвлэрүүлэн зуучлалаар 1900 хэрэг шийдвэрлэгдсэн байгаа бөгөөд 50 хувь нь эвлэрсэн байна. Ер нь олон улсын жишгээр иргэний хэргийн тоог эдийн засгийн нөхцөл байдалтай холбож үздэг. Эдийн засаг, санхүүгийн хямралын үед иргэний хэргийн тоо нэмэгддэг талтай. Манай тайлан дүн мэдээнээс харахад эдийн засгийн нөхцөл байдал тогтвортой байсныг илтгэх тоон үзүүлэлт гарсан байна. Түүнчлэн шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 9.4 хувиар өссөн ч цагдан хорих зөвшөөрөл олгосон тоо 265 хэргээр буюу 11.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа нь хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарч байгаагийн илрэл гэж харж болохоор байна. Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлын хэмжээ өмнөх оны мөн үеэс өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хүний амь насыг хохироосон хэргийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 11.7 хувиар өссөн байдалтай байгаа учраас үүн дээр анхаарлаа хандуулах ёстой. Харин гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэрэг маргаан 66.7 хувиар буурсан нь төр засгаас энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлсэнтэй холбоотой” гэсэн юм. Хэвлэлийн хурлын төгсгөлд Шүүхийн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн ахлах референт Ш.Одгэрэл “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем” нэвтрүүлсэн талаар товч мэдээлэл хийсэн юм. “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн систем” нэвтрүүлэх ажил 2014 оны долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн нэвтэрч, 44 шүүхээс одоогийн байдлаар анхан шатны 20 гаруй шүүхэд нэвтрүүлээд байна гэж Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.
Эвлэрүүлэн зуучлалаар 1900 хэрэг шийдвэрлэгджээ | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.