Шууд Chart

Өөрчлөлтийг хурдасгая

2023-03-23 12:47:49

2021 оны гуравдугаар сард болсон НҮБ-ын Усны 34-р уулзалтаар 2023 оны Дэлхийн усны өдөр болон Дэлхийн ариун цэврийн байгууламжийн өдрийн компанит ажлыг “Өөрчлөлтийг хурдасгая” уриан дор зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэ хүрээнд өнөө жил Дэлхийн усны өдрийг ус болон ариун цэврийн байгууламжийн асуудал, хямралыг шийдвэрлэхэд шаардлагатай аливаа өөрчлөлтийг хурдасгахад уриалж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Пэттэри Таалас илгээлтдээ “Усгүй юм гэж энэ дэлхийд байхгүй, ус бүгдэд хамаатай, бүгдэд нөлөөлнө. Тийм учраас хүн бүхэн усны асуудлаар санаа зовж, өөрийн чадах бүхнээ хийж, шаардлагатай арга хэмжээнүүдийг янз бүрийн түвшинд цаг алдалгүй авч хэрэгжүүлэхийг уриалсан” байна. 

Түүнчлэн дэлхийн хэмжээнд болж буй бүх гамшгийн дор хаяж тал хувь нь устай холбоотой байдаг гээд 2023 оны дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Усны нөөцийн асуудлаарх олон улсын бага хурлын үеэр Дэлхийн цаг уурын байгууллага үер, ган гачиг зэрэг устай холбоотой аюул хэрхэн нэмэгдэж байгааг танилцуулна гэжээ.

Дэлхийн гадарга орчмын агаарын дундаж температур Олон улсын цаг уурчдын холбоо байгуулагдаж байсан 150 жилийн өмнөх үетэй харьцуулахад 1.10C-аар дулаарчихаад байгаа өнөө үед ус, хийгээд ариун цэврийн байгууламжийн асуудал нь манай улсын хувьд ч анхаарлаа хандуулах чиглэл болж байгаа юм.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд аймаг, нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 3040 төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж буюу нүхэн жорлонгийн төлөв байдалд тандалт судалгаа хийсэн.

Тандалт судалгаанд хамрагдсан айл өрхийн 84.9 хувь нь стандартын шаардлага хангахгүй энгийн нүхэн жорлон ашиглаж хөрс, ус бохирдуулж байна гэж үзжээ.

Сүүлийн жилүүдэд жорлонгоо өөрчлөх тухай төсөл хөтөлбөр, санал санаачилга их болсон ч эко, эсвэл ус хэмнэдэг жорлонгийн техник, технологийг нэвтрүүлэх нь илүү үр дүнтэй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна. 

 


Өөрчлөлтийг хурдасгая  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй