Ирландын парламент дээд танхимаа буулгах асуудлаар бүх ард түмний санал хураалт явуулахаар шийдвэрлэлээ. Ийм санал асуулга явуулахын тулд сенатчдын дийлэнхи хувь нь санал хураалгажээ. Эдгээр сенатчид нь эрх баригч эвслийнхэн юм байна. Сенатыг байхгүй болгосноор төсвийн зардлыг 20 сая еврогоор бууруулахад тус болно гэж үзлээ. Улмаар нийт 60 сенатчийн 33 нь энэхүү санал асуулгыг ард иргэдийн дунд явуулах нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. “Ирландын бүх айл өрх, аж ахуйн нэгжүүд төсөв хөрөнгөө хэмнэхээс аргагүй байдалтай байгаа, тиймээс улстөрийн систем нь ч гэсэн адилхан нөхцөлтэй байх ёстой. Тиймээс хүмүүст ийм шийдвэр гаргах боломжийг нь олгох цаг нь болсон” гэж Ирландын үйлдвэр, аж ахуй, хөдөлмөр, инновацийн асуудал эрхэлсэн сайд Ричард Брутон мэдэгдлээ. Сенатыг татан буулгах Засгийн газрын кампанит ажлыг Ричард Брутон тэргүүлж байгаа юм. Тэрээр дэлхийн өөр бусад улс орнууд ч гэсэн 2 танхимт парламентаа агуулж чадахгүй байгааг дурдаад, Дани, Швед зэрэг дэвшилтэт орнууд 1 танхимт парламентын хүрээнд бага зардлаар ардчиллыг хөгжүүлж болдгийг аль эрт батлаад байна гэжээ. Өмнө нь энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах шийдвэрийг ирландын парламентын төлөөлөгчдийн танхим баталсан. Улсын Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар бүх нийтийн санал асуулга явуулах шийдвэр хүчин төгөлдөр болох юм. Санал хураалтыг 10 сарын 4-нд явуулахаар ярьж байгаа ажээ.
Л.Пүрэвдолгор
| Ирланд парламентын дээд танхимаа татан буулгана | ||
| Үзсэн: 1118 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.