Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, "Мишээл экспо" ХХК, БНСУ-ын Дүндэмүн дүүрэгтэй хамтран "Монголд үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн худалдааг 2023 оны дөрөвдүгээр сарын 7-12-ныг дуустал Сөүл хотноо зохион байгуулж байна.

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Э.Сарантогос, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын эдийн засгийн зөвлөх Б.Оргилдорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл төслийн хэлтсийн дарга Н.Энхтөр болон Дүндэмүн дүүргийн дарга И Пил Хён, Дүндэмүн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга И Тэ Ин, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд дарга Чон Сон Ён болон бусад хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.

Үзэсгэлэн худалдаанд таван салбарын 20 гаруй аж ахуйн нэгж байгууллага 50 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгээд байна.

"Монголд үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн худалдаа нь БНСУ-д хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдийг гадаад зах зээлтэй холбож, хөрөнгө оруулагчдыг татах, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах зорилготой юм.

Уг арга хэмжээний хүрээнд БНСУ-ын Дүндэмүн дүүргийн захиргаа болон тус Дүүргийн жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран Монгол Улсын үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцлүүдийг нэмэгдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээлд хамтран ажиллах зорилгоор бизнес уулзалтыг зохион байгуулсан.

Дүндэмүн дүүргийн зүгээс манай улсын жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжин ажиллахаа илэрхийлээд цаашид "Монголд үйлдвэрлэв" үндэсний бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Сөүл хотноо жилд хоёр удаа зохион байгуулж байхаар боллоо.

Ноос ноолуур, оёдол, гар урлал, гоо сайхан, хүнсний бараа бүтээгдэхүүн дэлгэсэн "Монголд үйлдвэрлэв-2023" үзэсгэлэн худалдаа Дүндэмүн дүүргийн "Жунранчон" цэцэрлэгт хүрээлэнд таван өдрийн турш үргэлжилнэ.


"Монголын мэдээ" сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд
| БНСУ-ын Сөүл хотноо “Монголд үйлдвэрлэв-2023” үзэсгэлэн худалдаа болж байна | ||
| Үзсэн: 920 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.