“ХААН банк” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “ХААН банк” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Дарьбум, гүйцэтгэх захирал Р.Мөнхтуяа болон холбогдох бусад хүмүүс оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “УИХ, Засгийн газраас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, түүний эдийн засагт гүйцэтгэх үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ банкны салбарын реформын хүрээнд системд нөлөө бүхий банкуудыг хөрөнгийн зах зээл дээр гаргаж, нээлттэй хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, төрийн өмчит компаниудыг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгож, үр ашиг, засаглалыг сайжруулах чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байгааг хэлэхэд таатай байна.
Тэр дундаа хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, дотоодын компаниудыг хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацааны санхүүжилт татах хөшүүргийг бий болгох үүднээс хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчинг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, дэд бүтцийн шинэчлэл буюу үнэт цаасны дараа төлбөр тооцооны горим, төлбөрийн эсрэг нийлүүлэлтийн зарчмыг нэвтрүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр бодлогын цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллалаа.
“Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах” арга хэмжээний хүрээнд дэд бүтцийн байгууллагуудын үнэт цаасны арилжаа, төлбөр тооцооны шимтгэл хураамжийг бууруулсны зэрэгцээ үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдыг бодлогоор дэмжих үүднээс татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олгох чиглэлээр холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар санал, санаачилга гарган ажиллаж, үүний үр дүнд Aж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нийтэд санал болгон нээлттэй арилжаалагдах үнэт цаас гаргасан тохиолдолд үнэт цаас гаргахтай холбоотой гарсан зардлыг 20 хувиар нэмэгдүүлж албан татвар ногдох орлогоос хасаж тооцох, хөрөнгө оруулалтын сангийн орлогыг татвараас чөлөөлөх, нээлттэй компаниудын ногдол ашгийн татварыг 50 хувиар бууруулах зохицуулалтууд орж, энэ оноос мөрдөж эхэллээ.
Сүүлийн жилүүдэд манай улсын хөрөнгийн зах зээл идэвхжин, хөгжиж, зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 6.9 их наяд төгрөгт хүрсэн нь 2020 оны зах зээлийн үнэлгээтэй харьцуулахад 2.3 дахин, өмнөх оны мөн үеэс 15.2 хувиар өссөн дүнтэй байна. Энэхүү өсөлт хөгжилд УИХ, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнгээс гадна бид бүхэнтэй хамтран ажилладаг дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо болоод төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй болов уу.
Мөн УИХ-аас Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан нь арилжааны банкуудад зохистой засаглалыг бий болгох, олон нийтийн хяналттай, ил тод банкны салбарыг бүрдүүлэхэд томоохон түлхэц болж буй төдийгүй хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой шийдвэр болсон. Энэ хүрээнд “Голомт банк” ХК, “Төрийн банк” ХК нь IPO-гоо амжилттай хийсэн бол өнөөдөр “ХААН банк” ХХК үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүлж байна. Ингэхдээ Монголын хөрөнгийн биржийн түүхэнд анхдагч зах зээлээс татаж буй хамгийн өндөр дүнтэй IPO-г хийж, хөрөнгийн зах зээлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж байна. Ингээд тус банкны арилжаанд амжилт хүсье” гэсэн юм.
“ХААН банк” нь нийт хувьцааныхаа 10 хувь буюу 191,219,800 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 959 төгрөгөөр олон нийтэд санал болгож 183.38 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

| Хаан банк үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаагаа эхлүүллээ | ||
| Үзсэн: 2060 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.