Шууд Chart

Биржийн бус зах зээлийн оролцогчидтой хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа

2023-04-13 14:33:12

Биржийн бус зах зээлийн хяналт, зохицуулалт, өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээний талаар зах зээлийн оролцогчидтой нээлттэй хэлэлцэх, талуудын оролцоог хангасан хамтын ажиллагааны хүрээнд цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг оновчтой тодорхойлох зорилгоор 4 дүгээр сарын 12-ны өдрийн Лхагва гарагт зохион байгуулагдсан хэлэлцүүлэгт Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо (МҮЦАЭХ), тус зах зээлд оролцогч андеррайтерийн компаниудын удирдлага, эрх бүхий албан тушаалтнууд оролцлоо.

Хэлэлцүүлгийг нээж Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Т.Цэрэнбадрал хэлсэн үгэндээ “.. Хорооны 2020 оны 995 дугаар тогтоолоор баталсан “Биржийн бус зах зээлийн үйл ажиллагааны журам”-аар МҮЦАЭХ нь биржийн бус зах зээлийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хүлээсэн. Тус зах зээлийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн 2021 оны 9 дүгээр сараас хойших хугацаанд нийт 74 компанийн 1.53 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 94 өрийн хэрэгсэл гарсан бөгөөд 1.02 их наяд төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.  Энэ оны 1 дүгээр улиралд 16 үнэт цаас гаргагчийн 109.55 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, 42 транч хэрэгслийг бүртгэж, 62.55 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн. Өнөөдрийн байдлаар биржийн бус зах зээлийн шууд оролцогч болох үнэт цаасны 29 компани, шууд бус оролцогч 2126 этгээд байгаа бөгөөд нийт 2,155 оролцогч байгаа ...” болохыг онцлон дурдлаа.

Энэхүү арга хэмжээний үеэр тус Хорооны холбогдох албан тушаалтнууд биржийн бус зах зээлийн хяналт, зохицуулалт, өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэлцүүлэгт оролцогчдод танилцуулга хийж, мэдээлэл өгсөн ба эдгээр сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдсан хэлэлцүүлгээр талууд харилцан мэдээлэл, саналаа солилцон, цаашид хэрэгжүүлбэл зохих арга хэмжээгээ тодорхойллоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд 1/ биржийн бус зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг олон нийтэд хүртээмжтэй байдлаар хүргэх, зах зээлийн мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, 2/ биржийн бус зах зээлд оролцогч андеррайтерийн компаниуд үнэт цаас гаргагч, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хуулиар хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулахад анхаарч ажиллах, 3/ үнэт цаас гаргагчийн санал болгож буй хөрөнгө оруулалт, бондын мэдээллийг олон нийтэд хүргэх сурталчилгааны нэгдсэн стандартыг тогтоох, санал боловсруулах зэрэг арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлэхээр тогтлоо.


Биржийн бус зах зээлийн оролцогчидтой хамтарсан хэлэлцүүлэг зохион байгууллаа  
Үзсэн: 358 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй