Өнгөрсөн өвөл хатуу ширүүн өвөл болсноос ихэнх аймагт хаваржилт хүндэрч байна. Тэр дундаа Архангай аймаг хамгийн их малын хорогдолтой байна. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Архангай аймгийн хаваржилт хүндэрсэн сумдуудын айл өрхөөр ажиллах үедээ Өгийнуур сумын Дойт багийн малчин А.Мягмарынхаар зочиллоо.
1000 гаруй малтай байсан А.Мягмарынх нийт мал сүргийнхээ 70 орчим хувийг алдаад буй аж. Уг нь өнгөрсөн өвөл өвс тэжээлээ багагүй базаасан ч хаанаа ч хүрэлгүй дуусжээ. Өвс тэжээлээ бага багаар худалдаж авах нь санхүүгийн дарамтад хүргэж байгааг ч гэрийн эзэгтэй дурдлаа. Учир нь намар 8-10 мянган төгрөгийн ханштай байсан өвс тэжээл өнөөдөр 28-30 мянгад хүрээд байгаа аж.
Шадар сайд С.Амарсайхан “Уламжлалт мал аж ахуй яг энэ байдлаараа цааш үргэлжилбэл улам бүр их хүндрэл гарахаар байна. Та бүхэн мэдэж байгаа. Бэлчээрийн даац хэтэрч байна, ургамлын гарц муудаж байна. Тиймээс Засгийн газрын зүгээс НҮБ-тай хамтран өвлийг малын хорогдол багатай, хүндрэл багатай давахын тулд дулаан сууц бэлдэх, өвс, тэжээлээ өөрсдөө тарьж ургуулах боломж нөхцөлөөр нь хэрхэн хангах вэ гэдэг судалгаа хийж, та бүхний санал хүсэлтийг сонсож явна. Малын тоонд биш, чанарт анхаарч, 3 хониноос авах ашиг шимийг 1 хониноос авдаг болох зэрэг мал аж ахуйн дэвшилт технологийг ашиглахад анхаарах шаардлагатай байна” гэлээ хэмээн Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.
| Ихэнх аймагт хаваржилт хүндэрч байна | ||
| Үзсэн: 577 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.