2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дэд дарга Г.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Юүн Жи Хён, тус улсын Сөүл хотын дүүргийн зөвлөлийн гишүүн Нам Ван Хён нарыг хүлээн авч ажлын уулзалт хийлээ.
ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жун Гү болон холбогдох төлөөллийг хүлээн авч анх удаа биечлэн уулзаж байгаад таатай байгаагаа илэрхийлсэн. Мөн Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Ким Жун Гү манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 33 жил болсон байгааг дурдаж, энэ хугацаанд нийгмийн бүхий л салбарт харилцаагаа өргөжүүлэн тэлсээр ирсэн, түншлэлийн хамтын ажиллагаагаа ахин нэг шат ахиулахад таатай байхаа илэрхийллээ.
Манай хоёр улсын гадаад худалдааны хэмжээ жил бүр нэмэгдэж, улс төр, худалдаа, тээвэр болон нийгмийн эрүүл мэнд зэрэг олон салбаруудад хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр ирсэн. Мөн Монгол Улсын ГЕГ-ын дарга 1991 онд БНСУ-ын Гаалийн байгууллагад албан ёсны айлчлал хийснээр хоёр орны гаалийн байгууллагын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, улмаар 1993 онд хоёр орны Засгийн газар хооронд “Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслалцах тухай хэлэлцээр”-ийг байгуулснаар хамтын ажиллагааны эрх зүйн үндэс тавигдсан юм.
2022 онд Монгол улс, БНСУ-ын хооронд хийсэн гадаад худалдаа 702.1 сая.ам.долларт хүрч 2021 оноос 31.9 хувиар буюу 170.0 сая.ам.доллароор өссөн байна. Экспорт 2021 оноос 24.2 хувиар буюу 54.1 сая.ам.доллароор, импорт 37.5 хувиар буюу 115.0 сая.ам.доллароор өссөн байна.
Эх сурвалж: ГЕГ
| ГЕГ-ын дэд дарга Г.Энхтайван Элчин сайд Ким Жун Гү-г хүлээн авч уулзлаа | ||
| Үзсэн: 501 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.