
Элэгний хатуурал
Элэгний эд эс үхжилт болон сөнөрөл өөрчлөлтөд орон холбогч эдээр солигдож, хэвийн бүтцээ алдсанаар үйл ажиллагаа нь эрс доройтсон эмгэгийг хэлнэ. Элэгний хатуурал өвчин нь вирүсийн (В, С, D) архаг халдвар, архины, эмийн болон хорт бодис, цөс зогсонгишлын, зүрхний дутал, бодисын солилцооны өвчин, төрөлхийн болон удамшлын шалтгаант, хоол хүнсний дутагдал зэрэг олон шалтгаанаас үүснэ. Мөн шалтгаан нь тодорхойгүй ч байдаг.
Оношлогоо: Элэгний хатуурал ямар үе шатандаа байгаагаас хамаарч шинж тэмдэг, элэгний үйл ажиллагааны өөрчлөлт хүндрэлийн эмнэл зүй хамаардаг. Үүнд: элэгний эс дутлын хам шинж, үүдэн венийн даралт ихсэх хам шинж (хэвлийд ус үүсэх, улаан хоолойн судас өргөсөх, дэлүү томрох цус алдах), цөс зогсонгишлын хам шинж (шарлалт илрэх), мэдрэл сульдалын хам шинж (амархан ядарч сульдах), цусархаг хам шинж (буйлнаас хамарнаас цус гарах бие дээр мэнгэ тууралт гарах), элэгний бус эмгэгүүд (элэг бөөр уушигны эмгэгүүд) илэрдэг. Ээнэгшилтэй үед элэг том хатуу байдаг бөгөөд лаборатори шинжилгээнд уураг, гаммаглобулин, АЛАТ, АСАТ–ын идэвхижил өндөр, элэгний вирүсын маркер HBsAg эсвэл anti-HCV эерэг гарна.
Ээнэгшлээ алдсан үед дээрх шинжүүд тод илэрч хэвлийд ус үүсэх, биеийн жин буурах, үс унаж хуурайших, хэл хөх ягаан өнгөтэй болж хөхлөг нь хатингаршдаг. Шинжилгээнд гемоглобин, улаан цагаан эс, тромбоцитын тоо буурна, трансаминаза ферментийн идэвхи өндөр байна.
Хүндрэл: Элэгний дутмагшил, элэг бөөрний, элэг уушгины хам шинж, улаан хоолой ходоодны судасны өргөссөн хэсгээс цус алдах, элэгний анхдагч өмөнд хувирах, уураг витамины дутагдал, хоёрдогч халдвараар хүндэрч болно.
Сэргийлэлт: Элэгний хатуурлаар өвчлөхгүйн тулд вирүсийн халдвар дамжихгүй нөхцөлийг эмнэлгийн орчинд бүрдүүлэх, хатууралд хүргэх эм, хорт бодисыг хэрэглэхгүй байх, архидалтыг хязгаарлах, элэгний хатуурал үүсгэдэг эмгэгүүдийг сайн эмчлэх хэрэгтэй.
Эх сурвалж: Eleg.mn
Элгээ хайрлая | ||
Үзсэн: 9205 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.