Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэх бэлтгэл ажил эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замаар 26 чиглэлийн 350 их багтаамжийн автобус үйлчилж байна. Гэвч нийтийн тээврийн хэрэгслүүд цагийн хуваарийн дагуу явдаггүй, орлогын төлөө тэмцэлддэг гэх шүүмжлэл иргэдийн дунд байсаар байна.
Тиймээс Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан дунд, их багтаамжийн автобусны аль нэг төрлийг сонгон явуулахаар төлөвлөлт хийжээ.
Мөн цахим төлбөрийн системийн эхлэл болгож “Сарын зорчих тасалбар” гаргах гэж байна. Сарын зорчих тасалбарын үнийг том хүн 30 000 төгрөг, хүүхэд 10 000 төгрөг байхаар урьдчилан тооцоолжээ.
Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг төвлөрүүлж, орлогын төлөөх өрсөлдөөн буурах төдийгүй, нийтийн тээвэр яг цагтаа үйлчилгээндээ гардаг болно гэж үзэж байгаа юм.
Цаашид нийтийн тээврийн зорчигч бодлого, сүлжээ төлөвлөлт, үйлчилгээний зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, үнэ тариф, санхүүгийн асуудал зэргийг хамтран хэлэлцэн шийдвэрлэх үүрэг бүхий Нийтийн зорчигч тээврийн зөвлөлийг байгуулахаар төлөвлөж байна.
| Нийтийн тээврийн үйлчилгээний хөлсийг цахим хэлбэрт шилжүүлнэ | ||
| Үзсэн: 854 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.