Өнөөдөр буюу 17 дугаар жарны Үзэсгэлэн болгогч хэмээх усан туулай жилийн хаврын адаг луу сарын 24-ний хар бич өдөр буюу аргын тооллын 2023 оны тавдугаар сарын 14-ний өдөр Хэрлэн голыг тахилаа.
Тахилгын арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн "Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэх, лус савдгаа аргаддаг өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ёс заншилтай ард түмэн билээ бид.
Энэхүү ариун зан үйл, ёс заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээх, гол усаа хайрлан хамгаалах талаар өсвөр, залуу үе, иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг үе шаттай хийсээр ирсэн.
Тухайлбал, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 6 дугаар тогтоолоор “Уул овоо, гол мөрнийг аймгийн тахилгатай болгох тухай” асуудлыг хэлэлцэж, Хэрлэн голыг аймгийн тахилгатай гол болгон шийдвэрлэсэн.
Их Хэнтий нурууны салбар Хэнтий хан уулын өврийн хэрэй толгой, Будан цагаанаас эх авсан Богдын гол, Цагаан голын нийлэх бэлчрээс эхлэн Хэрлэн гол хэмээн нэрлэдэг. Хэрлэн гол бол Монголын түүх, Эзэн Чингис хааны түүхэн үйл хэрэгт холбогдсон чухал газруудын нэг болж тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Үүнийг бид Монголын нууц товчоо хийгээд бусад түүхэн эх сурвалжаас үзэж, судалсаар ирсэн.
Монголчууд бид нүүдэлчин ард түмэн. Суурин иргэншилтэй ард түмнээс юугаараа ялгаатай вэ гэвэл бэлчээрийн мал аж ахуй эрхэлж өдөр бүхэн уул ус,ой мод, ан амьтан, тэнгэр огторгуй, цаг агаар, уур амьсгалыг нарийн ажиглаж, байгаль дэлхийтэйгээ харилцдаг. Байгаль дэлхийгээ ингэж бүх талаар шүтдэг билээ.
Өнөөдрийн тахилгатай холбогдуулан байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, уул, усаа тахин шүтэх, гол мөрнийг сэргээх, лус савдгаа аргадах заншил бүхий Хэрлэн голын тахилгадаа идэвхтэй оролцохыг та бүхнээсээ хүсэхийн ялдамд монголчууд бид Мөнх тэнгэр, нар, сар, долоон бурхан од, унасан газар, угаасан ус буюу уул Хайрхад, өөрийн өвгөд дээдсээ шүтэж, гал голомтоо дээдэлж, цог золбоо нь дэлгэрч, урт удаан наслаж, буяны сайн үйлийг цаг үргэлжид бүтээн, урдах зам тань гэрэлтэй байх хувь ерөөлтэй билээ.
Хэрлэн мөрөн тандаа Төр, түмэн олон, нутаг ус, үр хойчийнхоо төлөө ерөөлөө өргөе" гэв.
Эх сурвалж: Дорнод аймгийн ЗДТГ
| Хэрлэн голыг тахилаа | ||
| Үзсэн: 393 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.