Европын Аюулгүй байдлын Хамтын Ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын болон Төв Азийн боловсролын хөтөлбөр төслийн хүрээнд ”Эх хэл дээр суурилсан олон хэлний боловсрол: Өнөөгийн асуудал, шийдэл” сэдэвт бүсийн сургалт Казахстан улсын Алмата хотод 2023 оны тавдугаар сарын 2-8-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Казахстан, Кыргызстан, Узбекистан, Молдов, Таджикистан, Туркменистан, Гүрж зэрэг улс орны боловсролын байгууллагын төлөөллүүд, Монгол Улсаас Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн холбогдох мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд оролцлоо.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн нь 2018 оноос Европын Аюулгүй байдлын Хамтын Ажиллагааны байгууллагын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар болон Төв Азийн улс орнуудад хэрэгжиж буй “Олон хэлний боловсрол”-ын төсөлтэй хамтран ажиллаж эхэлсэн.
2018 оноос Баян-Өлгий аймгийн БШУГ болон ЕБС-ийн төлөөллүүд мөн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон үндэсний мэргэжлийн байгууллагын төлөөллүүд Төв Азийн Боловсролын бүсийн сургалтуудад тасралтгүй оролцож мэдлэг, ур чадвараа дээшлүүлсэн нь туршилтын сургуулийн зорилтот судлагдахууны багш нар, оролцогч талуудыг мэдээллээр хангах, чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулахад чухал ач холбогдолтой байлаа.
2020 онд ЕАБХАБ-ын Үндэстний цөөнхийн асуудал эрхэлсэн дээд комиссар, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд нар хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Агуулга болон хэлийг интеграцчилан суралцахуй (АХИС) арга зүйг туршин нэвтрүүлэх, багш, мэргэжилтнүүдийг чадавхжуулахад энэхүү хамтын ажиллагаа ихээхэн ач холбогдолтой байсан.
Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сүүлийн хоёр жил хийсэн судалгааны үр дүн нь сурагчдын эх хэлэнд суурилсан хос хэлт сургалтыг АХИС-н арга хандлагаар зохион байгуулах нь тэднийг амжилттай суралцахад нөлөөлж болохыг харуулсан байна.
Боловсролын ерөнхий газар нь Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн математик, биологи, дүрслэх урлаг, биеийн тамирын судлагдахууны багш нарт зориулсан “Агуулга ба хэлийг интеграцчилан суралцахуй”-н сургагч багшийн сургалтыг 2023 оны гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулж, сургалтад орон нутгийн БШУГ-ын мэргэжилтнүүд болон туршилтад хамрагдсан 3, 5 дугаар сургуулийн нийт 34 багш хамрагдсан байна.
Сургагч багш нар орон нутгийн ерөнхий боловсролын зургаан сургуульд “Агуулга болон хэлийг интеграцчилан суралцахуй”-г түгээн дэлгэрүүлэх сургалтыг зохион байгуулж, бага боловсролын болон математик, биологи, дүрслэх урлаг, биеийн тамирын судлагдахууны нийт 160 багш хамрагдсан байна.



Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар
| “Эх хэлд суурилсан олон хэлний боловсрол: Өнөөгийн асуудал, шийдэл” бүсийн сургалт боллоо | ||
| Үзсэн: 672 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.