Шууд Chart

Хэрэглэгчдийн гадна цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгнө

2023-06-13 13:48:35

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас нийгмийн хариуцлагын хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүдийг цахилгаанаас үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлүүлэх зорилгоор энэ сарын 14-16-ны өдрүүдэд хэрэглэгчдийнхээ гадна цахилгаан хангамжийн тоноглолын ашиглалтын байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
 
Өдөрлөгийн үеэр түгээх сүлжээнд холбогдсон шугам тоноглолуудын ашиглалтын аюулгүй байдалд эзэмшлийн зааг харгалзахгүйгээр үзлэг хийж, зөрчлийг арилгах, зөвлөгөө өгөх ажлыг эрчимжүүлэхээс гадна оруулгын утсаа солиулах хүсэлтээ 70047004 утсаар болон Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөр дамжуулан ирүүлсэн айл өрх ангиллын хэрэглэгчдийн захиалгыг хүлээн авч, нэг сарын дотор үнэ төлбөргүй сольж угсарч өгнө.
 
Зориулалтын бус, шаардлага хангахгүй, залгаастай, ил задгай татсан, хүн, амьтны амь нас, эрүүл мэндэд аюул учруулахуйц, гал түймэр гарах нөхцөл байдал гэх мэт эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн оруулгын утастай болон өөрийн хэрэглээний хүрээнээс өөр хэрэглэгчийг эрчим хүчээр дур мэдэн хангасан хэрэглэгчдэд хугацаатай шаардлага өгч, зөрчлийг арилгах хүртэл хугацаанд Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглээг түдгэлзүүлэх ажлууд мөн хийгдэнэ.
 
Иймд эл өдрүүдэд амжиж хүсэлт гаргасан иргэд стандартын шаардлага хангасан оруулгын утсаа бэлдээд ажлын захиалгаа өгч, хүсэлтээ шийдүүлэх боломжтой. Оруулгын утсаа бэлдэхдээ тухайн газрын цаг уурын хэм, хөрсний нөхцөлд тохирох эсэхийг нь харгалзан сонгохыг зөвлөж байна. Жишээ нь бидний хэлж сурснаар ВВГ, ПВС, ШВВП гэх мэт кабель утаснууд манай нөхцөлд илүү тохиромжтойн дээр хөндлөн огтлолын голч нь зэс дамжуулагчтай бол 2*4 мм.кв, хөнгөн цагаан бол 2*6 мм.кв-аас багагүй байвал ачаалалд тохирдог. Оруулгын утас нь ямар нэгэн залгаасгүй байх ёстой. 
 
 
Эх сурвалж: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК

Хэрэглэгчдийн гадна цахилгаан тоноглолд үзлэг хийж, зөвлөгөө өгнө  
Үзсэн: 498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй