“Тогтвортой санхүүжилтийн долоо хоног 2023” буюу “Ногоон санхүүжилт-Олон улсын чуулган”-ы хүрээнд “Ногоон бонд” хэлэлцүүлэг /2023.06.16/ боллоо.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хэлэлцүүлгийг нээж "Сүүлийн жилүүдэд манай улсын хөрөнгийн зах зээл идэвхжиж, УИХ, Засгийн газар болон Санхүүгийн зохицуулах хорооноос хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүд мөн дэд бүтцийн байгууллагууд, хөрөнгө оруулагчдын идэвх оролцоо, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, санхүүгийн олон шинэ бүтээгдэхүүн ар араасаа түүчээлэн гарсны үр дүнд энэ сарын байдлаар зах зээлийн үнэлгээ анх удаа 11 их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээнд хүрснийг онцлох нь зүйтэй байна. Санхүүгийн зохицуулах хороо 2021 онд Монголын тогтвортой санхүүжилтийн холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэж Монгол Улсын санхүүгийн салбар, хөрөнгийн зах зээлийг тогтвортой, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хөгжүүлэх, тогтвортой санхүүжилтийн олон улсын стандартыг нэвтрүүлэх, хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн үйл ажиллагааг дэмжих, чадавхийг бэхжүүлэх хүрээнд хамтран ажилласаар байна. Мөн өнгөрсөн онд болсон “Ногоон санхүүжилт бүс нутгийн чуулган”-наар Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн байгууллагууд “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-ийг баталснаар нээлттэй хувьцаат компаниудыг байгаль орчин, нийгэм, засаглалын тайлан гаргаж мэдээлдэг болох, дотоодын аж ахуй нэгжээс ногоон бонд гаргах замаар байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тогтолцоо бүрдэх чухал ач холбогдолтой алхам болсныг дурдах нь зүйтэй.
Түүнчлэн ногоон хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, бодлогын орчныг боловсронгуй болгох, ногоон хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн нэмэгдүүлэх, дотоодын ногоон хөрөнгө оруулалтын оролцоог тэлэх, санхүүгийн зах зээлийн бусад байгууллагуудын ногоон хөрөнгө оруулалтыг нээлттэй болгох зэрэг хөрөнгийн зах зээлийн бодлого боловсруулахад онцгойлон анхаарч ажиллаж байна. Нийтэд санал болгон компанийн бонд гаргах ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн, хялбаршуулж, дотоодын аж ахуйн нэгжүүдийг хямд өртөг бүхий урт хугацааны санхүүжилтийг хөрөнгийн зах зээлээс татах хөшүүргийг бий болгох зорилгоор энэ сарын 11-ний ээлжит хуралдаанаар “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг баталсан. Ингэснээр дотоодын аж ахуй нэгжүүд олон улсын стандартад нийцсэн “Ногоон бонд”-ыг хөрөнгийн зах зээлд олон нийтэд санал болгон гаргах зохицуулалтын орчин бүрдсэн. Ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор гадаадын эх үүсвэрээс ногоон санхүүжилтийн эх үүсвэр татах хүрээнд “Хаан банк” ХК олон улсын зах зэээлд ногоон бонд гаргах ажлыг түүчээлэн эхлүүлснээр тогтвортой эдийн засаг, санхүүжилтийг дэмжсэн түүхэн явдал болж байна. Мөн Хороо “Биржийн бус зах зээлийн үнэт цаасны бүртгэлийн журам”-ын шинэчилсэн найруулгыг батламжилснаар дотоодын аж ахуйн нэгжээс биржийн бус зах зээл дээр Монгол Улсын “Ногоон таксономи” эсхүл олон улсын холбогдох стандарт, шалгуурт заасан ангилал, шалгуурын дагуу ногоон, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор ногоон бонд гаргах нарийвчилсан зохицуулалтын орчин бүрдсэнийг дуулгахад таатай байна.
Ногоон хөрөнгө орууллалтын төрлийн шинэ бүтээгдэхүүн нэмэгдсэнээр дотоодын хөрөнгийн зах зээл тэлэх, ногоон санхүүгийн урсгал нэмэгдэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах нөгөөтэйгүүр Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг өргөжүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
Хаан банк 5 жилийн хугацаатай, 60 сая ам.долларын Монгол Улсын анхны “Ногоон бонд”-ыг олон улсын зах зээлд гаргаж хөрөнгө оруулагчдаас санхүүжилт татан төвлөрүүлэх юм. Олон улсын байгууллагаар зээлжих зэрэглэл тогтоолгосны дагуу барьцаагүйгээр уг бондыг гаргаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэх ногоон санхүүжилтийн багцаа эрчимтэй нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: СЗХ
| “Ногоон бонд”-оор дамжуулж байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэх талаар хэлэлцлээ | ||
| Үзсэн: 456 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.