Шууд Chart

“Реалторуудын дуу хоолой форум-2023“ боллоо

2023-06-17 11:15:18

“Реалторуудын дуу хоолой форум-2023” арга хэмжээ /2023.06.16/ боллоо. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан форумыг нээж “УИХ-аас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулснаар үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаанд хамааруулж зохицуулах, хяналт тавих үүргийг хороо хэрэгжүүлэхээр хуульчилсан. Энэ дагуу тусгай зөвшөөрөлтэй нийт 317 аж ахуйн нэгж үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллага одоо үйл ажиллагаа эрхэлж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын үйл ажиллагаа нь мэргэжлийн ур чадварт суурилснаараа онцлогтой. Иймээс мэргэжилтнүүдээ мэргэшүүлэх, чадавхжуулах, ёс зүйн зарчмыг бүрдүүлэх зорилгоор Үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн дээвэр холбоотой хамтран холбогдох сургалтыг зохион байгуулаад багагүй хугацаа болж байна. Түүнчлэн салбарын оролцогчдын нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, хариуцлагажуулах хүрээнд холбооны санаачлагаар үл хөдлөх хөрөнгийн брокер, агентыг Үндэсний ажил мэргэжлийн стандартад хамруулан индексжүүлж батлууллаа. Ингэснээр салбарын мэргэжилтнүүд буюу брокер, агентуудын нийгэмд эзлэх байр суурийг бататгах томоохон алхам болж чадлаа. Үүний зэрэгцээ Санхүүгийн зохицуулах хороо зохицуулагч байгууллагын хувьд салбараа олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, тохирсон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлж, хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран ажилласаар байна. Энэ зах зээлийг зөв гольдрилоор хөгжүүлж чадвал орон сууцны эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх бүрэн боломжтой. Ингээд Монголын үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүд болох брокер, агентуудын хоорондын уялдаа холбоог хангах, туршлага солилцох зорилгоор зохион байгуулж буй форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэсэн юм.

Гурав дахь жилээ болж буй форум хоёр хэлэлцүүлгээс бүрдсэн бөгөөд эхнийх нь салбарын бодлого, хамтын ажиллагааны хүрээнд өрнөв. Харин удаах нь АНУ-д төвтэй Үндэсний реалторуудын холбооны Ази номхон далайн бүсийн дэлхийн зохицуулагч, Монгол Японыг хариуцсан төлөөлөгч, Вашигтоны реалторуудын холбооны ерөнхийлөгч зэрэг гадаадын зочид төлөөлөгч оролцож холбооны дэлхий дахинд ажиллаж буй гишүүддээ үзүүлж буй дэмжлэг, үйл ажиллагаа, реалторуудын олон улс дахь үл хөдлөх эд хөрөнгийн салбарт үзүүлж буй нөлөөлөл, боломжийн талаар танилцууллаа.

Эх сурвалж: СЗХ


“Реалторуудын дуу хоолой форум-2023“ боллоо  
Үзсэн: 376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй