Шууд Chart

Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийнэ

2014-07-31 11:27:34

Харилцаа холбооны зохицуулах хорооноос Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмжүүдэд сорилт, туршилт хийх, үр дүнг үндэслэн тухайн төхөөрөмжийг баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгох бүрэн эрхийнхээ хүрээнд 2013 оноос идэвхитэй ажиллаж эхлээд байна.

Энэ хугацаанд “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам” түүнчлэн чанарын гарын авлага, бусад холбогдох баримт бичиг зэргийг олон улсын ISO:17065 болон үндэсний MNS ISO:17065-2013 стандартын хүрээнд боловсруулж батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.
 
Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2013 онд баталгаажуулалтын чиглэлээр ХБНГУ-ын “TUV Sud” компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар Мэдээлэл, харилцаа холбооны салбарт тоног төхөөрөмжийн баталгаажуулалт хийгдэх ажилд томоохон дэвшил гаргасан. Түүнчлэн тус хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны хүрээнд БНСУ-ын Мэдээлэлжсэн нийгмийн хөгжлийн хүрээлэн /KISDI)-тэй хамтран ажиллах, зөвлөх үйлчилгээний хүрээнд баталгаажуулалт, тохирлын чиглэлээр сургалт зохион байгуулсан.
 
Дээрх ажлуудыг зохион байгуулж хүчин чармайлт гаргасны үр дүнд Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс Стандартчлал, хэмжилзүйн газарт хандан Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийж буй үйл ажиллагаагаа итгэмжлүүлэхээр 2013 оны 08 дугаар сард хүсэлт гарган улмаар 2013 оны 11 дүгээр сар, 2014 оны 04 дүгээр сар болон 05 дугаар сард Стандартчлал, хэмжилзүйн газраас ажлын хэсэг зохион байгуулагдан Зохицуулах хороонд ажиллаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн.
Ийнхүү Стандарчлал, хэмжилзүйн газрын даргын шийдвэрээр Харилцаа холбооны зохицуулах хороог Мэдээлэл, харилцаа холбооны салбарт баталгаажуулалт хийх үйл ажиллагааг 2014 оны зургаадугаар сарын 18-ны өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаатайгаар итгэмжилж, гэрчилгээг олгосон.

 

 


Мэдээлэл, харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийнэ  
Үзсэн: 2927 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй