Шууд Chart

Хороодын хамтарсан хуралдаан боллоо

2023-06-20 15:09:03

Эдийн засаг төсвийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо болон Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо тус тус хуралдлаа.

Эдийн засаг төсвийн хороо, Байгаль орчин, ногоон байгууламжийн хороо хамтран хуралдаж, хурлын эхэнд Нийслэлийн үнэт цаас гаргах, арилжаалах талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын 13.1-д “Нийслэл хуульд заасан нөхцөл, журмын дагуу үнэт цаас гаргаж болно” гэж заасан. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар өнгөрсөн тавдугаар сард Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу Сангийн яамтай хамтран ажиллаж, холбогдох байгууллагуудаас санал авч, Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг хэлэлцүүлэн батлуулсан. Үнэт цаас гаргаснаар Нийслэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үйлдвэр технологийн парк руу чиглэсэн төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэж харж байна” гэлээ.

Хэлэлцүүлгийн үеэр Төлөөлөгч Б.Нэргүй үнэт цаас гаргах нь ирээдүйд үнэ цэнэ, үр ашгаа өгнө гэж харж байна. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрахтай холбоотой тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зөв зарцуулах нь чухал гэсэн бол М.Тулгат бондын эргэн төлөлттэй холбоотой тооцооллыг маш хариуцлагатай хийх ёстой гэсэн саналуудыг хэлсэн юм.

Нийслэлийн үнэт цаасыг Засгийн газар болон Сангийн яамны хяналттай шийдвэрлэнэ. Бондыг урт буюу 5 жилийн хугацаатай, үе шаттайгаар эргэн төлнө. Урт хугацаанд байх тусам төсөвт ирэх дарамт бага байна. “Сэлбэ сэргэлт” төсөл хотын хэмжээнд маш эерэг нөлөө үзүүлнэ. Голчлон үйлдвэр технологийн парк руу чиглэсэн төслүүдийг бондоор санхүүжүүлэх боломжтой гэж харж байна хэмээн Ж.Сандагсүрэн тодотголоо.

Мөн хурлаар Нийслэлийн ойгоос 2023 онд бэлтгэх модны хэмжээ, Нийслэлийн нутаг дэвсгэр дэх орон нутгийн тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах, Нийслэлийн өмчийн нэгдсэн дүнг баталгаажуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, санал солилцлоо. 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ


Хороодын хамтарсан хуралдаан боллоо  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй