
Телевизийн өргөн нэвтрүүлэг нь улс орны нийгэм, эдийн засгийн олон зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй бөгөөд тоон технологид шилжсэнээр айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломж бүрдэхээс гадна телевизийн сувгийн тоог нэмэгдүүлэх, радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг зүй зохистой ашиглах зэрэг олон ач холбогдолтой. Шинэчлэлийн Засгийн газар нь үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрт иргэнд хандсан олон шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгасны нэг нь үзэгч төвтэй өргөн нэвтрүүлгийн бодлогын шинэчлэлийн асуудал билээ. Үүний хүрээнд Өргөн нэвтрүүлгийн хуулийн төслийг санаачлан боловсруулж байгаагийн зэрэгцээ телевизийн өргөн нэвтүүлгийг тоон системд шилжүүлэх ажлыг эрчимтэй хийж байна.
Өнөөгийн байдлаар Улаанбаатар хотод 10, орон нутагт 244 тоон телевизийн дахин дамжуулах станцыг суурилуулан асаахад бэлэн болоод байна. Цаашид энэ оны наймдугаар сард багтаан 117 сум, сууринд тоон станцыг суурилуулж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг хамарсан тоон телевизийн газрын сүлжээтэй болохоор ажиллаж байна.
Өнөөдөр буюу долоодугаар сарын 31-ний өдөр анологи өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдаж, Чингисийн талбайд телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих нээлттэй өдөрлөгийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Радио телевизийн сүлжээ УТҮГ болон харилцаа холбооны салбарын байгууллагууд хамтран зохион байгууллаа. Нээлтийн тууз хайчилсны дараа МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа тоон технологи нэвтэрсэн аймгуудын төлөөлөл болгож Дорнод, Баян-Өлгий аймгийн удирдлагуудтай лед дэлгэц ашиглан холбогдож, тоон телевизийн холболтын талаар санал солилцож, талархлыг хүлээн авлаа. Ийнхүү Монгол Улсад телевизийн өргөн нэвтрүүлгийн тоон системд шилжих ажил амжилттай үргэлжилж байна. 2016 оны нэгдүгээр сарын нэгэн гэхэд тоон системд бүрэн шилжсэнээр Монгол улс аналоги системийг зогсоож дэлхийтэй хөл нийлэн алхаж, айл өрх бүр гэртээ орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан өндөр чанартай олон төрлийн нэвтрүүлгийг шууд хүлээн авах өргөн боломжтой болох юм. Мөн машин, гар утас гэх мэтчилэн хөдөлгөөнт үед DVB-T2 стандарттай хүлээн авагчаар үзэх боломжтой болох юм. Өдөрлөгийн үеэр Олон Улсын Цахилгаан холбооны байгууллагын нарийн бичгийн орлогч дарга Хаулин Заог Монгол Улс тоон телевизэд шилжиж байгаатай холбогдуулан баяр хүргэж мэндчилгээ илгээсэн байна.
-Одоогийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 220 сум суурин газар тоон системд шилжихэд бэлэн болсон ба үлдсэн 141 сум суурин газрыг тоон системд шилжүүлэхээр ажиллаж байна. Хөдөө орон нутгийн 361 сумдыг тоон системд шилжүүлэх ажлыг МТШХХГ хариуцан хийж байгаа ба Улаанбаатар хотыг тоон системд шилжүүлэх ажлыг НХОГ хариуцан төслийг хэрэгжүүлж байна.
-Энгийнээр тайлбарлавал дуу дүрсний өндөр нягтрал бүхий телевизийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл аналоги телевизортой харицуулахад дуу дүрсний хувьд хамаагүй өндөр нягтралтай гардаг. Давуу талын хувьд иргэд төрөөс дамжуулж буй үнэгүй сувгуудыг дуу дүрсний чанар сайтайгаар үздэг болно. Тоон телевизийн газрын сүлжээг тоон системд шилжүүлснээр тв үзэж байгаа хэрэглэгчид болон нийгэмд өгөх хэд хэдэн ач холбогдолтой. Тухайлбал, Хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийг хэмнэж өөр шинэ дэвшилтэд технологийн үйлчилгээг хэрэглэгчидэд үзүүлэх боломжтой. Мөн алсын зайн удирдлага хяналтыг хийх технологийн хувьд боломжтой юм. Хэрэглэгчийн хувьд, дүрсний өндөр нягтралтай, дууны цэвэр сонсголтой чанартай нэвтрүүлгийг хүлээн авч үзэх боломжтой болж байна. Телевизийн нэвтрүүлгийг үзэгчид суурин болон явуулын нөхцөлд компьютер, гар утаснаас үзэх болон зөөврийн бусад төхөөрөмжөөр телевиз үзэх боломж бүрдэнэ.
-Ямар хэрэглэгчийн хувьд өөрчлөлт гарах вэ?
-Энд зөвхөн эфирийн телевизийн үзэгчид буюу гэрийн антенн ашиглан телевизээ үздэг айл өрхүүд хамааралтай.
-Кабелийн болон хиймэл дагуулын технологиор телевизээ үздэг айл өрх тоон системд шилжих шаардлагатай юу?
-Шаардлагагүй. Учир нь тэдгээр айлууд аль хэдийн тоон системээр телевизээ үзээд эхэлсэн.
-Эфирийн телевиз үздэг хэчнээн айл өрх байдаг вэ?
-2011 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 174,000 өрх байдаг.
-Эфирийн телевизийн үзэгчид тоон телевизийн үйлчилгээг ямар аргаар хүлээн авах вэ?
-Тоон телевизийн үйлчилгээг 2 аргаар хүлээн авна. 1. Шинээр DVB-T2 тюнер бүхий баталгаажсан зурагтыг худалдаж авах 2. Одоо ашиглаж буй зурагт дээрээ DVB-T2 тюнер бүхий хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмж буюу STB-ийг нэмж суурилуулснаар тоон телевизийг хүлээн авна. Нэмж хэлэхэд хэрэглэгч телевизор эсвэл STB худалдан авч байгаа бол Харилцаа холбооны зохицуулах хороогоор баталгаажуулсан сертификатыг шалгаж худалдан аваарай.
-Тоон нэвтрүүлгийг хүлээж авахын тулд ямар антенн ашиглах хэрэгтэй вэ?
-Иргэд одоо ашиглаж байгаа антеннаа ашиглана. Газарзүйн байрлалаас шалтгаалаад гадна болон дотор антенн ашиглаж байгаа. Эдгээрээс одоо ямар антенн ашиглаж байна, тэр антеннаараа тоон телевизийг хүлээн авч үзэх боломжтой. Гол нь дээр дурдсанчлан хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжтэй байх ёстой.
-Төхөөрөмж борлуулалтын хувьд зах зээлд өрсөлдөх орчиныг нь нээлттэй орхисон ба электорн бараа худалдаалдаг байгууллагуудаас худалдан авч болно. Мөн иргэд гол нь баталгаажсан төхөөрөмжийг худалдан авах шаардлагатай. Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталгаажуулалтыг хийж байгаа ба баталгаажсан төхөөрөмж борлуулж буй газруудыг зурагтаар рекламдаж иргэдэд мэдээлэл өгөх болно.
-Шууд аналоги унтрахгүй. Бидний төлөвлөснөөр 2016 он буюу хамгийн сүүлийн хэрэглэгч тоон телевизийн хүлээн авах төхөөрөмжийг авснаар аналоги системийг унтраана. Тэр хүртэл тоон болон аналоги станц зэрэг ажиллаж байна.
-Тоон технологид шилжсэнээр сувгийн тоо нэмэгдэх үү?
-Одоо улс орон даяар дамжуулж буй 6 сувгийг тоон технологид шилжүүлсний дараа дамжуулсаар байх болно. Сувгийн тоог нэмэгдэх эсвэл хасагдах асуудал одоогоор тодорхойгүй. Технологийн хувьд олон суваг дамжуулах боломжтой.
-STB үнэ хэд орчим байх вэ?
-Төхөөрөмжийн чадамж, нэмэлт функцаас хамаарч үнэ харилцан адилгүй байна. Ерөнхий дөө олон улсын зах зээлийн ханш нь 20-1000 USD байдаг. Монгол ерөнхийдөө 100.000 төгрөг орчим байх болов уу гэж харж байгаа.
ТV болон STB худалдан авахдаа ХХЗХ-гоор баталгаажуулсан сертификатыг заавал шалгаарай... | ||
Үзсэн: 3826 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.