Шууд Chart

Засгийн газарт санал хүргүүлэв

2014-07-31 15:43:21

МҮЭ-ийн Холбооноос 2014 оны улсын төсвийн тодотгол, 2015 оны улсын төсөвт тусгуулах санал гаргажээ. Тус холбооноос гаргасан саналд “Монгол Улсын Засгийн газар нь 2014 оны улсын төсвийн тодотгол, 2015 оны улсын төсвийн төслийг боловсруулж УИХ-д оруулахдаа улс орны эдийн засгийн өнөөгийн хүндрэл, валютын ханшийн эрс өсөлтөөс улбаатай иргэд, хөдөлмөрчдийн хөдөлмөр эрхлэлт, амжиргаа, нийгмийн хамгааллын хүрээнд буй болсон уналт, бууралт, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн худалдан авах чадварыг сэргээх ажлын байр, хөрөнгө оруулалт, төсвийн санхүүжилтийн тогтвортой байдлыг хангахад онцгойлон анхаарч цаашид нийгмийг тогтворгүй байдалд хүргэж болзошгүй ажилгүйдэл, ядуурал, орлогын хомсдлыг арилгах яаралтай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж МҮЭХ үзэж байна.

МҮЭХ нь энэ оны 7 дугаар сарын 4-нд УИХ-ын гишүүдэд хандан уриалга, санал хүргүүлж эдийн засаг нийгмийн өнөөгийн онцгой нөхцөл байдлыг харгалзан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулж хүндрэлийн эсрэг нэн шаардлагатай хууль шийдвэрийг гаргах, 2014 оны улсын төсөвт тодотгол хийх зэрэг саналуудыг тавьсан билээ. Гэвч эдийн засагт хүндрэл ужгирч, 2014 оны эхний хагас жилийн төсвийн орлого урьд байгаагүй хэмжээнд тасарч, валютын ханш, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, иргэдийн худалдан авах чадвар буурснаас хэрэглээ хязгаарлагдан энэ хэрээр үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ хумигдахын хамт нийгмийн бухимдал өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.

Энэ нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас дараах арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна. 
1.    Цаг үеийн онцгой нөхцөл байдлыг харгалзан  2014 оны улсын төсөвт оруулах тодотгол, 2015 оны төсвийн төслийг боловсруулахдаа хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажлын байрыг тогтворжуулах, үнэ ханшийн өсөлтийг бууруулах, иргэд хөдөлмөрчдийн амжиргаанд учирч буй хүндрэлийг богино хугацаанд арилгахад чиглэсэн тодорхой арга хэмжээг тусгаж хэрэгжүүлэх
2.    Энэ онд Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрээр тохирсон цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх  хэлэлцээрээ хэрэгжүүлэхийн хамт 2015 оны улсын төсөвт төсвийн байгууллагын ажиллагсадын цалин, бүх төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг 2013, 2014 оны инфляцийн түвшинг харгалзан 60-аас доошгүй хувиар нэмэгдүүлэхээр тусгах
3.    Энэ онд багтаан Хөдөлмөр нийгмийн зөвшлийн талуудтай хамтран хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх
4.    Валютын ханшны өсөлт, хөрөнгө оруулалтын улмаас үйлдвэрлэл, ажлын байраа багасгах, цомхотгоход хүрсэн ажил олгогчдод үзүүлэх санхүү, татвар, зээл, хөрөнгө оруулалтын дэмжлэгийг бодитой, үр дүн өгөхүйц хэлбэрээр авч хэрэгжүүлэх
5.    Нийт ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн бодит орлогыг дэмжих зорилгоор Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг нэмэгдүүлэх
6.    2013-2014 оны Хөдөлмөр нийгмийн зөвшлийн үндэсний 3 талт хэлэлцээрт тусгасан дараах асуудлыг хэрэгжүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг 2015 оны улсын төсөвт тусгах:
•    Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 2015 онд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг урьд жилээс 50-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх
•    Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгийг 2014 оны төсвөөс нэмэгдүүлж тусгах
•    Аймаг, сумын төвүүдэд ахуй үйлчилгээний нэгдсэн байрууд барьж эхлэх
зардлыг төсөвт тусгах
•    Улаанбаатар хот, Дархан уул аймагт арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах зардлын асуудлыг үе шаттайгаар улсын төсөвт тусган хэрэгжүүлж ажлын байр нэмэгдүүлэх
•    Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал зэрэглэлд өөрчлөлт оруулах асуудлыг нийгмийн зөвшлийн талуудын оролцоотойгооор шийдвэрлэж, цалин хөлсөнд олгох зардлыг сүлжээ, жишгийн доод болон дундаж хэмжээгээр тооцон төлөвлөж байгаа өнөөгийн тогтолцоог халж, цалингийн фондыг нэмэгдүүлэн, чанартай төрийн үйлчилгээг хангахуйц төсвийн төлөвлөлтийг хийж, санхүүжилтийг бүрэн олгох
•    Төрийн тусгай болон төрийн үйлчилгээний албан хаагчдын албан томилолтын зардлын ялгааг арилгахаар төсвийг батлах
•    Хөдөлмөрийн нөхцлийн лабартори байгуулах зардлыг төсөвт тусгах
•    Төсвийн байгууллагуудаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зарцуулах зардлын зүйл ангийг төсөвт тусгайлан бий болгож, ХАБЭА-н тухай хуулийн 26.2-т заасанчлан улсын төсвийн хөрөнгөөр нийлүүлэх бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний зардлын 0,3 хувийг төсөвт суулган олгох
•    Төсвийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж, нийслэл хотын гэр хороололд хувийн хөрөнгөөр гэр цэцэрлэг байгуулах ажлыг дэмжих, улсаас хөнгөлөлттэй зээл, тусламж олгох
•    Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг баталж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах
•    Залуу гэр бүлийг орон сууцаар хангахад чиглэсэн цогцолбор арга хэмжээ авах, амины орон сууцыг дэмжих, орон сууцны зээлийн хүүг одоогийн түвшинд хадгалах
•    Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны хөдөлмөрийн улсын хяналтын байцаагчдын ажиллах нөхцөл, үйл ажиллагааны зардлын асуудлыг төсөвт тусгах” гэжээ.
 

 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Засгийн газарт санал хүргүүлэв   
Үзсэн: 1524 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй