
Булган сумын Засаг даргын захирамжийн дагуу тус сумын ИТХ, ЗДТГ-ын нийт ажилтан байгууллагын стандартыг мөрдөн ажиллаж эхэлжээ.
“Ажилтны харилцааны соёл, хувцаслалтад тавих шаардлага” гэсэн энэ стандартыг аймгийн стандарт хэмжил зүйн хэлтэс бүртгэж хянан батлаад байгууллагын стандартын “CS.63.08.2014” гэсэн дугаар өгчээ. Уг стандартад ажилтнуудын үйл ажиллагаанд баримтлах зарчим, үйлчлүүлэгчтэй харьцах болон хувцаслалтад тавих шаардлага, хориглох зүйлийг нарийвчлан тодорхойлсон байна. Тэрхүү стандартаа хулдаасан хэвлэлээр том хэмжээгээр хэвлүүлэн ил тод байрлуулсан нь ард иргэд хяналт тавих, шаардах боломж бүрдүүлсэн гэж байна. Төрийн захиргааны асуудал эрхэлсэн түшмэл Б.Мөнхцэцэгээс лавлахад, энэ дагуу манай ажилтнууд төрийн бодлогыг хэрэгжүүлэх өндөр ур чадвартайгаар шударга, соёлтой, шуурхай үйлчилгээг эрхэмлэн ажил хэрэгч, албаны шинжийг чухалчилж таатай сайхан, хамтач нөхөрсөг бүтээлч орчин бүрдүүлэн ажиллана. Иргэдтэй найрсаг дотно харьцахад нь зориулж зарим үг хэллэгийг ч жишээгээр хэлж өгсөн. Ажлын байранд таарч тохирсон байдлаар төлөв даруу хувцаслаж зүүн энгэртээ албан тушаал нэр бүхий тэмдэг байнга зүүж олон нийттэй харьцана гэв. Мөн төрийн албан хаагчид ажлын байрандаа цээжин хэсгээр задгай, хэт богино юбка, өндөр өсгийтэй ботинк, гутал өмсөх, үйлчлүүлэгчтэй харьцахдаа бохь зажлах, гараа нуруундаа үүрч юм уу, элгэндээ эвхэх, алцайн зогсох, бүдүүлэг үгээр ширүүн, зохисгүйгээр харьцах, тэдний дэргэд ажилтнууд хоорондоо өндөр дуугаар чанга ярьж инээлдэх зэргийг хориглоно хэмээн заажээ.
Энэ оныг “Бүтээмжийн жил” болгосны дагуу төрийн байгууллага, сум бүрт байгууллагын стандарт боловсруулан мөрдүүлэхээр аймгийн стандарт хэмжил зүйн хэлтсээс өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж аймгийн ЗДТГ, мөн Дашинчилэн, Бугат зэрэг таван сум, эрүүл мэндийн газар, хүүхэд, гэр бүлийн хөгжил, нийгмийн даатгалын хэлтэс зэрэг арав гаруй байгууллага стандартаа боловсруулан дугаар аваад байна.
Төрийн албан хаагч бүсгүйчүүд хэт богино юбка өмсөхгүй | ||
Үзсэн: 1588 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.