Шууд Chart

2023-2025 оны Хөдөлмөр нийгмийн түншлэлийн улсын хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж эцэслэн байгууллаа

2023-07-06 18:42:46

Өнөөдөр /2023.07.06/ МҮЭ-ийн холбоо, Монгол Улсын Засгийн Газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо Хөдөлмөр нийгмийн түншлэлийн гурван талт 2023-2025 оны улсын хэлэлцээрийг байгуулах тухай хэлэлцээг хийж холбогдох саналд байр сууриа илэрхийлж хэлэлцсэнээр үзэглэж баталлаа. Хэлэлцээрийг үндэслэн аймаг, салбар, байгууллагуудын хамтын гэрээ, хэлэлцээр шинэчлэн батлагдах, нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр улсын хэмжээнд мөрдөж ажиллах юм.
 
Хэлэлцээрт цалин хөлсний талаарх үндэсний бодлого, төрийн албан хаагчдын цалин хөлсний тогтолцоог шинэчлэх, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд анхаарч хамтран ажиллах хүрээнд дараах саналыг тусгажээ.
 
- Цалин хөлсний талаар Үндэсний хэмжээнд баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд үнэлгээ хийж, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороогоор шинэчлэх.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр гарах үр дагавар, нөлөөллийн талаар судалгаа, тооцоолол хийж, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дугаар сарын 1-ний дотор нэмэгдүүлэн тогтоох.
- Төрийн албан хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлийг оновчтой тогтоож, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг салбарын хуулиудаар зохицуулж байгааг өөрчлөн нэгдсэн байдлаар зохицуулах эрх зүйн орчин бүрдүүлэх.
-. 2023 онд улсын төсвийн тодотголоор төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх.
- Орон нутгийн төрийн захиргааны албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг орон нутгийн төсвөөс нэмэгдүүлэн олгох асуудлыг аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас талуудын саналыг харгалзан шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт хийх.
-Хүртээмжтэй, цогц, нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгох, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах зорилгоор ажилтнуудад хувьцаа олгох.
- Жил бүрийн улсын төсвийн төсөл боловсруулахад нийгмийн түншлэгч талуудын саналыг авдаг болох.
- Зохиомол үнийн өсөлтөөс үүдсэн аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээл, эдийн засагт үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах асуудлыг судалж, холбогдох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх.
- Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж, байгууллагуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр шийдвэрлэх гэх мэт заалтууд тусгажээ.
 
Хэлэлцээрт ажилтныг төлөөлж Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа, Дорнод аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Х.Баатарсүх, Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, ажил олгогчийг төлөөлж Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны ерөнхийлөгч Б.Эрдэнэсүрэн, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа, Монголын хувийн эмнэлгүүдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Ч.Доржгүнсмаа нар оролцож гарын үсэг зурав.
 
Эх сурвалж: МҮЭХ

2023-2025 оны Хөдөлмөр нийгмийн түншлэлийн улсын хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж эцэслэн байгууллаа  
Үзсэн: 827 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй