Шууд Chart

Эрүүл мэндийн сайд асан Аюушийн Цогцэцэг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо

2023-07-08 17:04:59

Монгол Улсын эрүүл мэндийн сайд, Арьсны өвчин судлалын үндэсний төвийн даргаар ажиллаж байсан Анагаах ухааны доктор, процессор Аюушын Цогцэцэг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо.

Түүний хувьд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд 40 шахам жил тууштай зогсож байгаа эмч хүн билээ.

Цогтцэцэг эмч сургуулиа төгсөөд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд их эмчээр томилогдож, 36 жил энэ мэргэжлээрээ ажиллаж байгаа. Ажиллах хугацаандаа мэргэжлийнхээ нэр хүндийг Монгол улсад төдийгүй олон улсад гаргах гэж их сурч, хөдөлмөрлөжээ. Тэр ч хүсэл мөрөөдлөө биелүүлж чадсан байдаг. Тодруулж хэлбэл Мэргэжлийн болон боловсролын зэргээ дээшлүүлж, ОХУ-д Анагаах ухааны докторын зэрэг хамгаалж, МУ- зөвлөх зэргийн эмч, цаашлаад салбарын сайд болж чадсан юм.

Арьс өвчин судлалын үндэсний төвийг удирдсан он жилүүдэд Цэргийн казарм байсан барилыг эмнэлгийн зориулалттай болгож, Монгол улсын загвар эмнэлэг, Олон улсын итгэмжлэл ISO9001 стандартыг хэрэгжүүлэгч эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болтол нь хөгжүүлж чадсан түүхтэй. Цаашлаад нэг л обектод үйл ажиллагаа явуулж байсан байгууллагыг 3 барилгатай, Хэнтий аймгийн Аврага тосонд өөрийн сувилалын 23 байшинтай болгон өргөжүүлжээ.

Улмаар 2016 онд Цогцэцэг Төрийн сайдаар томилогдож, Архангай нутаг, аав ээжийнхээ нэрийг дуудуулж төрөө түшилцэж, түмэн олондоо ээлтэй хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн тусламжийг хүргэх их үйлсэд зүтгэж эхэлсэн.

Эрүүл мэндийн салбарын гол гогцоо нь хаана байгааг мэдэх хүний хувиар Цогцэцэг сайд асуудлыг судлаж, цаг алдалгүйгээр шууд л бодлогын түвшний ажил руу шуурхай оржээ. Чухам ингэж ажиллаж чадсаны үр дүнд, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж, эхийн болон нярайн эндэгдлийг дорвитой бууруулж, нийгмийн эрүүл мэнд, хууль эрх зүйн болон санхүүгийн таагүй орчин, олон жил дамжсан өрийн дарамт, дуусаагүй барилга, царцаагдсан олон улсын хөтөлбөр, гацаанд орсон хүний нөөцийн бодлого, үйлчлүүлэгчийн хүлээгдэл, чирэгдэл гомдол зэргийг цогцоор нь шийдэх тал дээр тодорхой амжилт гаргаж, ахиц дэвшилд хүргэсэн байгаа юм.

Тэрээр сайдынхаа бүрэн эрхийнхээ хугацаанд 5 том үндэсний хөтөлбөрийг батлуулсан байдаг. Үүний нэг том жишээ бол “Элэг бүтэн монгол” хөтөлбөр. Өвчнийг хүндрэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, оношилж эмчилж чадвал ямар их үр дүнд хүрч, хувь хүний амьдралын чанарыг дээшлүүлдэг гэдгийг энэ хүү хөтөлбөрийн үр дүнгээс харж болох юм. Нийтдээ сая гаруй хүн энэ хөтөлбөрт хамрагдаж, 40 орчим мянган хүн эмчилгээ хийлгэж эрүүлжсэн байдаг. Ташрамд сонирхуулахад энэ хөтөлбөрийг ДЭМБ олон улсын загвар хөтөлбөр хэмээн үнэлж байсан юм.

Ард иргэдийн нуруун дээр дарамт болсон ээдрээтэй бас нэг өвчин эмгэг, тусламж үйлчилгээ бол диализын аффарат байсан. Энэ асуудлыг үндсэндээ шийдсэн. Геодиализын тусламжийн хүрээнд 21 аймаг, 9 дүүрэг, улсын төв эмнэлгүүдэд диализийн төв байгуулж, түүнд зарцуулагдах зардлыг төрөөс даах Засгийн газрын тогтоол гаргуулсан байдаг.

Дээрх тогтоол гараагүй байхад эмчлүүлэгч 7 хоногт 360-390 мянган төгрөг, жилд сая 400 мянган төгрөг зарж амьд явах эрхээ худалдан авдаг байсан юм. Мөн орон нутагт диализын төв байгуулснаар эмчилгээний үр дүн ч өссөн. Архангай аймгийг л авч үзэхэд эхний жилд 14 хүн оношлогдож, 9 хүн эргэн сэргэж, эмчилтийн хяналтанд шилжиж байжээ.

Сайд Цогцэцэгийн үед Монгол улсад эмчлэгдэхгүй байсан 39 өвчнөөс 18-ыг нь эмчилдэг болсон түүхтэй. Ер нь эмч мэргэжилтнүүдээ ингэж багаар нь гадаадад сургах бодлогыг тууштай хэрэгжүүлжээ. Үүнд сум багийн эмч нар ч хамрагдсан байна. Ингэж манай эмч нар олон улсад хөл тавиад ирэхээр эмчилгээний чанар хүртээмж, шинэ оношлогоо, технологи манай улсад эрчимтэй нутагшсан юм. Мөн цусны хавдрыг эмчлэх, цаашлаад анагаах ухаан, эмнэлзүйн бусад салбарт үүдэл эсийн эмчилгээ болон бусад техник технологийг нэвтрүүлэх тал бодлого хэрэгжүүлж салбарын эмч мэргэжилтнүүдтэй хамтарч, дэмжиж ажилласан байна.

Эрүүл мэндийн салбарт царцсан барилга, зогссон олон улсын төслүүд их байсан. Тодруулж хэлбэл Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн төв, Яармагийн 300 ортой эмнэлэг, 2-р эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төв, Халвартын био аюулгүйн 3-р лаборатори, СХД-ийн загвар нэгдсэн эмнэлгийг нэрлэж болно. Мөн орон нутагт эмнэлгийн 20 гаруй барилга хүлээлттэй байлаа. Тэгвэл дээрх барилгууд өнөөдөр бүрэн ашиглалтад ороод байгаа юм. Энэ бол салбараа мэддэг мэргэжлийн сайдын шуурхай ажиллагааны нэг үр дүн билээ.

Ташрамд дуулгахад эхийн эндэгдлийг 3 дахин, 0-5 насны хүүхдийн эндэгдлийг 1,7 дахин бууруулсан. Согтуу иргэдийг эмнэлэгт эрүүлжүүлдэг байсан хуулийн гажуудлыг засч цагдаагийн байгууллагад нь буцааж өгсөн, эрүүл мэндийн сангийн хуулинд өөрчлөлт оруулсан зэрэг ажлыг хийж байсан юм.

“Чадварлаг, оюунлаг, ёс зүйтэй хүний нөөц бол аливаа салбарын үнэт капитал” гэж Цогцэцэг эмч, Цогцэцэг сайд үздэг юм. Өөрөө, хүн чанар, ёс зүй, хүмүүжил төлөвшил, боловсрол туршлага гээд олон чухал чанарыг эзэмшсэн энэ эмэгтэй одоо ч гэсэн “ их мөрөн дөлгөөн, эрдэмт хүн даруу” гэдэг шиг эрүүл мэндийнхээ салбарт зүтгэж хөдөлмөрлөж, хийж бүтээсээр л явна.

Нийтэлсэн: Ч.Өлзийсайхан

Эрүүл мэндийн сайд асан Аюушийн Цогцэцэг Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан боллоо  
Үзсэн: 1147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Жавзмаа [127.0.0.xxx] 2023-07-08 18:15
Үнэхээр Багшийнхаа өмнөөс баярлаж байна.

Бидэнтэй нэгдээрэй