Шууд Chart

Цахим хурлаар эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх талаар мэдээлэл өгөв

2023-10-24 08:56:45

ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны алба нь Эрүүл мэндийн сайдын А/550 тоот тушаалын дагуу улсын хэмжээнд эхийн ноцтой хүндрэлийн дүн шинжилгээ хийж, эргэн мэдээлдэг.

Энэ удаагийн эхийн ноцтой хүндрэлийн тохиолдолд суурилсан сэрэмжлүүлэх цахим хурлыг энэ сарын 20-нд зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Ч.Мөнхбаяр удирдав.

Хуралд ЭХЭМҮТ, ЭНЭҮТ II, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн ЭМТ, Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймгийн ЭМГ-ын удирдлага, эх барих, эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн эх барих, эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сум, өрхийн ЭМТ-ийн эх баригч бүхий 92 эмч, мэргэжилтэн оролцлоо.

Цахим хурлаар Тандалт судалгааны албаны эх барих, эмэгтэйчүүдийн эмч Г.Батзул 2021-2023 оны эхний есөн сарын байдлаарх эхийн ноцтой хүндрэлийг танилцуулж, зөвлөх эмч Ч.Мөнхбаяр ”Ихэс түрүүлэлт ба шигдэлтийн шалтгаант цус алдалтын үед үзүүлэх орчин үеийн мэс заслын арга, техник” сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр ихэс түрүүлж шигдэж ургах үеийн мэс засал эмчилгээний талаарх дэлхий нийтийн чиг хандлага, төрсний дараах эрт үеийн цус алдалтыг ангиллын дагуу зөв менежмент хийж, “4T”-н зарчмыг баримтлах, алдаж буй цусыг хугацаа алдалгүй маш сайн тооцоолж, цус тогтоолтыг хийх, умай агшаах бэлдмэлүүдийг стандарт удирдамжийн дагуу хэрэглэх, үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд мэс заслын бэлэн байдалд байх шаардлагатайг анхааруулж, кесар мэс заслын дараах сорвитой умайд хийгдэх ажилбаруудыг дэлгэрэнгүй тайлбарлалаа.

Түүнчлэн эрхтэн хадгалж үлдээх, цус алдалтыг тогтоох аргуудыг сайтар тооцоолж, ихэс түрүүлэлт, шигдэлтийг эрт оношилж, сорвитой умайг хэт авиагаар жирэмсэн болсны дараа эрт шинжилж, эрт арга хэмжээ авах тусам эрхтэнийг хадгалж үлдээн цус тогтоох боломж байдгийг зайлшгүй анхаарах. Хэрэв үргэлжлүүлэн тээлгэж буй нөхцөлд жирэмсний хяналтыг өндөр эрсдэлийн бүлэгт оруулж, эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн эмч хянах, жирэмсний тээлтийн явцад цус багадалт оношлогдвол коррекци хийж нөхөх, ургийн дистрессээс хамгаалах, 22 долоо хоногоос дээш кесар мэс заслын сорвитой, сорвинд ихэс шигдэлттэй жирэмсэн эмэгтэйд эрсдэл, хүндрэлийг маш сайн ойлгуулах нь чухал болохыг онцолсон ба олон улсын удирдамжинд ихэс түрүүлэлт, шигдэлттэй эхийг 30-34 долоо хоногтойд эмнэлэгт хэвтүүлэхээр заасныг анхаарууллаа.

Мөн сургалтын үеэр Эрүүл мэндийн сайдын А/318 тоот тушаалын дагуу өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйг эрт илрүүлж эмчлэх, А/220 тоот тушаалд зааснаар эрүүл мэндийн байгууллага болон шатлал хооронд үйлчлүүлэгчийг шилжүүлэх журмыг мөрдөж, хувь хүний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, мэдлэг, хандлагыг өөрчлөх, эрсдэлт бүлгийн жирэмсэн эмэгтэйн хяналтын чанар, хөдөлгөөнт хүн амд илүү анхаарах нь эрсдэл, хүндрэл дахин давтагдахаас сэргийлэх ач холбогдолтой болох талаар сургалтанд оролцогчид харилцан ярилцлаа.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Цахим хурлаар эхийн ноцтой хүндрэлээс сэргийлэх талаар мэдээлэл өгөв   
Үзсэн: 604 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй