Шууд Chart

Иран улсын харвасан пуужинд Пакистаны 2 хүүхэд өртжээ

2024-01-17 15:25:30

Иран улс өчигдөр Пакистан улсын нутаг руу баллистик пуужин харваж, дроноор довтолсны улмаас 2 хүүхэд амь эрстэж, 3 хүн бэртэж гэмтлээ гэдгийг Пакистаны гадаад хэргийн яамнаас мэдээллээ. Ираны талаас Пакистаны нутаг дэвсгэр дээр орших Исламын Сунни урсгалын зэвсэгт бүлгийг онилсон гэж мэдээлсэн бол Пакистаны талаас агаарын орон зайд нь хууль  бусаар халдаж, хүчирхийлэл тарилаа гэж буруутгасан байна. Мөн Пакистаны нийслэл Исламабадад суух Ираны элчин сайдыг нэн даруй дуудаж уулзжээ.

Иран улсын Пакистан руу харвасан пуужин Ойрх Дорнодод сүүлийн өдрүүдэд эрчимтэй тархаж байгаа Газын зурвасын дайны нөлөөний нэг илрэл байлаа гэж олон улсын хэвлэлүүдээр бичиж байна. Одоогоор Пакистаны гадаад хэргийн яамнаас Ираны довтолгоонд өртөж хохирсон хүмүүсээс бусдаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа бол Пакистаны цахим орчинд иргэдийн бичиж байгаагаар хоёр улсын хилийн зурвас дагуу оршдог Балокистан муж руу энэ агаарын довтолгоо иржээ. Ираны талын дурдаж байгаа Исламын Сунни урсгалын бүлэглэл нь Жаиш аль Адил гэх бүлгэм юм байна. Иран улс нь өөрөө Исламын Шиа урсгалыг дагаж мөрддөг улс юм. Иран болон Пакистан улсууд үүнээс ч өмнө хоорондоо байнгын түгшүүрт харилцаатай байж ирсэн. Хоёр улсын харилцаа түгшүүртэй болоход Пакистаны Балокистан муж дахь Балоки салан тусгаарлагчид болон өөр бусад зэвсэгт бүлэглэлүүд нөлөөлдөг гэж үздэг. Иран улс Пакистан руу довтлохоос ганцхан өдрийн өмнө Сири болон Ирак руу мөн баллистик пуужин харвасан. Үүнийгээ 1-р сарын 3-ны өдөр Керман хот дахь амиа золиослогчдын бөмбөгдөлтийн улмаас 90 орчим иргэн амиа алдсан хэргийг нөхөн хэлэлцэж, хариу арга хэмжээ авсан хэлбэр гэж Ираны тал тайлбарласан байна. Ираны Керман хотод болсон террорист халдлагын ард Исламын улс бүлэглэл байгаа гэж таамаглаж байгаа. Сунни урсгалын Исламын улс бүлэглэлийн халдлагад Пакистаны Жаиш аль Адил бүлэг холбоотой эсэх тодорхойгүй. Гэхдээ Ираны тал тэднийг холбоотой гэж үзэж довтолсон, эсвэл ард иргэдийнхээ уур хилэнг дарахын тулд ийнхүү хөрш рүүгээ халдан довтолсон байх магадлалтай гэж АНУ-ын Гардиан сэтгүүл бичжээ. Иран улсын засгийн газар хэдийгээр Газын зурваст өрнөж байгаа дайнд оролцохгүй, бүс нутагт дайн өргөжин тэлэхийн эсрэг байгаа гэдгээ удаа дараа илэрхийлж байгаа ч Ираны зэвсэгт бүлэглэлүүд Израил руу довтолж, Хамас бүлгийн талд байгаагаа илэрхийлсээр байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Иран улсын харвасан пуужинд Пакистаны 2 хүүхэд өртжээ  
Үзсэн: 844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй