
Умард Атлантын Гэрээний Байгууллага буюу НАТО хүйтэн дайнаас хойш анх удаа 90 мянган хүний бүрэлдэхүүнтэй нүсэр хэмжээний цэргийн сургуулилалт хийх гэж байгаагаа мэдэгдлээ.
Орос-Украины дайн хоёр дахь жилдээ үргэлжилж, талууд гал зогсоох шинжгүй байгаа энэ цаг үед хил залгаа оршдог Европын орнуудыг цэрэг батлан хамгаалахын хувьд чадавхжуулах, Орос-Украины дайн бүс нутагт тэлэн тархах эрсдэл тулгарвал бэлтгэлтэй байх үүднээс ийм цэргийн сургуулилалт хийхээр болсон гэж НАТО-гийн Цэргийн хорооноос мэдээлсэн байна.
НАТО-ийн цэргийн хорооны мэдээлж байгаагаар 90 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй “Тогтвортой хамгаалалт-2024” сургуулилалт нь ирэх долоо хоногт эхэлж, тавдугаар сарыг дуустал үргэлжлэх төлөвлөгөөтэй байна.
Уг сургуулилалтад багадаа 50 агаарын хүч тээвэрлэгч усан онгоц, 80 орчим байлдааны онгоц, нисдэг тэрэг, дроноос гадна танк, хуягт зэрэг 1100 гаруй хуурай замын зэвсэгт байлдааны хэрэгсэл ашиглагдана гэсэн анхан шатны тоон мэдээллийг НАТО-гийн зүгээс өглөө.
НАТО-гийн томоохон коммандлагчийн өгсөн мэдээллээр энэхүү сургуулилалт нь бүс нутгийн аюулгүй байдлыг болзошгүй дайны аюулаас сэргийлэн батлан хамгаалах чадавхыг хөгжүүлэх зорилготой гэж мэдээлсэн.
Ингэхдээ ОХУ-ын эсрэг батлан хамгаалах сургуулилалт гэж шууд дурдаагүй ч НАТО-гийн үндсэн стратегийн бичиг баримтад ОХУ-ыг тус холбооны гишүүн орнуудын аюулгүй байдалд заналхийлдэг хамгийн том хүч гэж тодорхойлж өгсөн байдаг юм байна.
Үндсэндээ энэ сургуулилалтыг явуулахдаа зохиомлоор жинхэнэ тулааныг дуурайлгасан нөхцөлд зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Энэ хэмжээний нүсэр цэргийн сургуулилалтыг хамгийн сүүлд 1988 онд Хүйтэн дайны үеэр 125 мянган цэргийн бүрэлдэхүүнтэй АНУ-ын Умард Каролина мужид зохион байгуулж байжээ.
Үүнээс арай цөөн цэрэгтэй буюу 50 мянган хүний бүрэлдэхүүнтэй сургуулилалтыг 2018 онд НАТО Норвеги улсын нутаг дэвсгэр дээр зохион байгуулж байсан аж.
Энэ удаагийн сургуулилалтад НАТО-ийн гишүүн 31 орноос цэргүүд оролцохоос гадна удахгүй энэ эвсэлд нэгдэх өндөр магадлалтай байгаа Швед улсын цэргүүд мөн оролцох юм байна.
НАТО-гийн гишүүн орнууд өнгөрсөн онд Вилниуст болсон дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Хүйтэн дайнаас хойш урт удаан хугацаанд тогтсон байсан цэргийн стратегиа шинэчилнэ гэдэг нэгдсэн шийдвэрт хүрээд байсан.
НАТО Хүйтэн дайнаас хойш ЗХУ-аас өөр томоохон аюулгүйгээр удаан хугацааны турш Умард Америк болон Европын нутаг дэвсгэр дээр тайван байдалтай оршиж байсан юм.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Афганистан, Ирак зэрэг Ойрх Дорнодын бүс нутгийн жижиг дайнуудад ихэвчлэн анхаарал хандуулж ирсэн юм.
Харин Орос-Украины дайн эхэлснээс хойш энэ тайван нөхцөл байдал өөрчлөгдөж, бүс нутаг дахь аюул эрс нэмэгдсэн.
Ирэх тавдугаар сарыг дуустал үргэлжлэх энэ сургуулилалт НАТО-гийн шуурхай хүчин байрладаг Польш, Балтын тэнгисийн орнууд зэрэг ОХУ-ын шууд дайралтад хамгийн ойр эрсдэлтэй бүс нутгуудад, мөн цэргийн хүч голлож төвлөрөх Герман, НАТО-гийн эвслийн зах хязгаар орнууд болох Норвеги, Румын улсуудад болох төлөвлөгөөтэй байна.
НАТО 90 мянган хүний бүрэлдэхүүнтэй цэргийн сургуулилалт хийнэ | ||
Үзсэн: 891 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.